TheMongoliaTime

The MongolZ баг сүүлийн таван учраандаа Бразилын FURIA-г хожиж чадсангүй

2026-02-02 - 02:38

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын 1.2 сая ам.долларын шагналын сантай Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээн Польш улсад хэсгийн шатны тоглолтуудаар үргэлжилж байна. Дэлхийн чансааны оноогоор уригдан оролцсон манай улсын "The MongolZ" баг А хэсэгт багтсан бөгөөд хоёр удаа тоглосны эцэст нэг ч хожилгүйгээр тэмцээнээ дуусгалаа. Тэд өнгөрсөн шөнө тэмцээнээс хасагдахгүйн төлөө Бразилын "FURIA" багийн эсрэг тоглосон боловч 1:2 онооны харьцаатай ялагдал хүлээсэн бөгөөд сүүлийн таван учраандаа Бразилчуудыг хожиж чадсангүй. Өнгөрсөн шөнийн тоглолтод манай улсын баг эхний "Mirage map"-ийг хожиж эхлүүлсэн боловч харамсалтай нь үлдсэн хоёр тулааны талбар дээрээ ялагдал хүлээсэн билээ. Ийнхүү "The MongolZ" баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүлж байна. Өнгөрсөн жил манай улсын баг шөвгийн дөрөвт шалгарсан амжилт үзүүлж байсан бол энэ жил хэсгийн шатнаас хасагдав. Тэд энэ сарын 14-22-нд Румынд зохион байгуулагдах 1.2 сая ам.долларын шагналын сантай PGL Cluj-Napoca-2026 тэмцээнд дэлхийн чансааны оноогоороо уригдана оролцоно. Уг тэмцээнд 16 баг тойргийн журмаар тоглох бөгөөд гурван хожилтой найман сүүлийн шатанд шалгарна.

Share this post: