TheMongoliaTime

"The MongolZ" баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Туркийн "Aurora Gaming"-ийн эсрэг өнөө орой тоглоно

2026-03-27 - 02:42

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын "BLAST Open Rotterdam 2026" тэмцээний Playoffs шатны тоглолтууд өнөө шөнө Нидерландын Роттердам хотын 16 мянган хүний суудалтай "Ahoy Arena"-д эхлэх гэж байна. 1.1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний Playoffs шатанд Украины "Natus Vincere", Францын "Team Vitality", манай улсын "The MongolZ", ОХУ-ын "PARIVISION", Саудын Арабын "Team Falcons", Туркийн "Aurora Gaming" багууд өрсөлдөх билээ. Манай улсын "The MongolZ" баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг өнөө оройн 22:00 цагаас тоглоно. Энэ хоёр баг томоохон тэмцээний хүрээнд нийт 12 удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг өрсөлдөгчөө есөн удаа буулган авч байсан. Хэрэв өнөөдрийн тоглолтод манай улсын баг хожвол шөвгийн дөрөвт Францын "Team Vitality"-ийн эсрэг маргааш 22:00 цагаас тоглохоор байгаа юм. CS2 тоглоомын багууд томоохон тэмцээнүүдэд ихэвчлэн дэлхийн чансааны оноогоороо уригдан оролцдог. Дэлхийн чансааны оноо багуудын тэмцээний амжилтаас хамаараад сар бүр шинэчлэгдэж байдаг. "The MongolZ" баг гуравдугаар сарын дэлхийн чансаанд 1,616 оноотойгоор есдүгээр байрт бичигдэж байгаа. Тэдний урд Украины "Natus Vincere" баг 1,686 оноотой бичигдэж байгаа бол Францын "Team Vitality" баг 2,029 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байгаа билээ. Энэ удаагийн тэмцээн багуудын хувьд дэлхийн чансааны оноогоо ахиулахад чухал нөлөөтэй. Учир нь зургаадугаар сард Германы Кёлн хотод зохиогдох дэлхийн аваргад багуудыг дөрөвдүгээр сарын чансааны онооноос хамаарч хэддүгээр шатнаас тоглуулахаа шийддэг. "The MongolZ" баг Азийн чансааг FlyQuest багаас 300 оноогоор илүү тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн аваргын гуравдугаар шатанд шууд уригдах боломжтой юм.

Share this post: