TheMongoliaTime

PUBGM: Манай улсын шилдэг тоглогчид Саудын Арабын "Twisted Minds" багт нэгджээ

2026-03-03 - 02:27

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын манай улсын шилдэг тамирчид Саудын Арабын хөрөнгө оруулалттай "Twisted Minds" багт нэгдсэнийг албан ёсоор зарлалаа. Тодруулбал 2023 оны дэлхий аварга Б.Билгүүн буюу "Godless", 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Тэнгис буюу "ICY", чадварлаг залуу тамирчин П.Хангэрэл буюу "Riley", туршлагатай тоглогч Г.Санчирболд буюу "SANCHIR" нар уг багийн бүрэлдэхүүнд тоглохоор болсон байна. Харин дасгалжуулагчаар 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Жаргалсайхан буюу "Senator" ажиллах аж. Тэрбээр өнөө үеийн дэлхийн шилдэг тоглогч TOP буюу А.Бүрэнбаярын анхны дасгалжуулагчаар ажиллаж, амжилтын замд нь хөтөлсөн нэгэн юм. "Twisted Minds" баг нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Саудын Араб болон Иракийн хамтран эзэмшигчидтэй. Ойрх Дорнодын бүс нутагт харьяалагдан тэмцээн уралдаанд оролцдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын PUBG MOBILE тоглоомын багууд бага зэрэг уналтад ороод байсан. Ийнхүү шилдэг тамирчид гадаадын багуудад нэгдэн орсноор тогтмол тэмцээн уралдаанд оролцох боломж нь нээгдэж буйгаараа онцлог. Жишээлбэл Хятадын хөрөнгө оруулалттай манай улсын Alpha Gaming баг 2025 оны дэлхийн аваргад гуравдугаар байрт шалгарч чадсан. Мөн TOP буюу А.Бүрэнбаяр уг тэмцээний шилдэг тоглогчоор тодорч, 88,000 ам.долларын үнэ бүхий Porsche cayenne маркийн автомашины эзэн болсон билээ.

Share this post: