TheMongoliaTime

Трампын санаачилгаар Цагаан ордны хашаанд Кристофер Колумбын хөшөөг босгожээ

2026-03-24 - 04:24

Цагаан ордны хашаанд Кристофер Колумбын хөшөөг босгосон нь АНУ-ын нийгэмд маргаан дагуулдаг түүхэн хүнийг үндэсний баатар болгох гэсэн ерөнхийлөгч Дональд Трампын ээлжит оролдлого болжээ. Нэг тонн жинтэй, 4 метр өндөр уг хөшөө нь 2020 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчдийн буулгаж хаясан Балтиморын хөшөөний загварын хуулбар юм байна. 2022 онд энэ хөшөөг Балтиморын эргийн уснаас гаргаж авсан өмнөх хөшөөний эвдэрсэн хэсгүүдийг ашиглан босгож байжээ. Цагаан ордны хашаанд босгосон шинэ хөшөөний суурин дээр “2020 оны долдугаар сард устгасан...2022 онд дахин амилуулсан...2025 оны аравдугаар сарын 13-нд ерөнхийлөгч Дональд Ж.Трампын дахин адисалсан хөшөө” гэсэн бичиг сийлсэн байна. Трамп холбооны засгийн газарт зээлээр өгсөн уг хөшөөний эзэмшигч болох Итали гаралтай Америкчуудын байгууллагуудын холбооны тэргүүн Басил Руссод бичсэн захидалдаа Колумбыг “Америкийн анхны баатар бөгөөд энэ дэлхийд төрсөн хамгийн зоригтой, хамгийн алсын хараатай хүмүүсийн нэг байсан” гэж магтжээ. Тэр бас “энэ гайхамшигт хөшөө Цагаан ордны газар дээр байрлах болсонд үнэхээр их баяртай байгаа”-гаа илэрхийлсэн байна. Кристофер Колумб нь Америк тивийг нээсэн гэгддэг ч өнөөдрийн АНУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьж байгаагүй хүн юм. Бахамын арлуудад хүрсэн нь түүний хамгийн ойртсон тохиолдол гэдэг. Газар зүйн нээлтийн эзэн гэдгээсээ гадна Колумб боолын наймаачин байсан бөгөөд 1492-1504 онуудад хэд хэдэн удаа шинэ тивд аялахдаа Карибын арлуудын уугуул иргэдийг олноор алж хядаж байжээ. Тиймээс сүүлийн жилүүдэд түүний гүйцэтгэсэн үүргийг янз бүрээр шүүх болж, АНУ-ын зарим мужууд жил бүр тэмдэглэдэг Колумбын өдрийг Уугуул иргэдийн өдөр болгон өөрчилсөн юм. 2021 оны Колумбын өдрийг тохиолдуулан гаргасан мэдэгдэлдээ тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байден түүхэн аялагчийг “уугуул иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, газар нутгийг нь булаахын тулд нүүлгэн шилжүүлж, боолчилж, халдварт өвчин тараасан гэх мэт олон сүйрлийн давлагааг авчирсан” гэж тодорхойлж байв. Гэсэн хэдий ч Колумбын өв уламжлал одоо ч АНУ-д хадгалагдаж, нийслэл Вашингтон хот оршдог Колумбын Дүүргийг түүний нэрээр нэрлэж, Итали гаралтай Америкчуудын байгууллагууд үндэсний бахархлын бэлгэдэл болгосон хэвээр байна. Эх сурвалж: AFP

Share this post: