TheMongoliaTime

“Ираны дайн хэдэн сар биш, хэдэн долоо хоног үргэлжилж, АНУ хуурай замын цэрэг ашиглахгүйгээр зорилгодоо хүрч чадна”

2026-03-28 - 01:43

Парис хотод өчигдөр зохион байгуулагдсан Их Долоогийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ингэж мэдэгджээ. Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ ажиллагаа төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байгаа бөгөөд хэдэн сарын хугацаанд биш, хэдэн долоо хоногийн хугацаанд тохиромжтой цаг ирэх үед бид дуусгаж чадна” гэж хэлсэн байна. Рубио энэ дайны зорилтоо биелүүлэхийн тулд АНУ хуурай замын байлдааны ажиллагаа явуулах шаардлага гарахгүй ч “болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ерөнхийлөгчид бүх боломжит хувилбар сонголтыг өгөхийн тулд” хуурай замын цэргийн ангиудыг Ойрх Дорнодод шилжүүлэн байрлуулж буйг хүлээн зөвшөөрсөн юм. Рубио бас дайныг зогсоох АНУ-ын 15 зүйлт төлөвлөгөөг Ираны эрх баригчдад илгээгээд албан ёсны хариу хүлээж байгаагаа мэдээлжээ. “Бид Ираны дэглэмтэй тодорхой зүйлсийн талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бид хэнтэй, ямар асуудлаар, хэзээ ярилцах талаар хариу хүлээж байна” гэж тэр хэлсэн юм. Өнөөдрөөс яг дөрвөн долоо хоногийн өмнө Ираны эсрэг АНУ, Израилийн зэвсэгт хүчин байлдааны ажиллагаа эхлүүлж байв. Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг бүрэн нээх 10 хоногийн хугацааг Ираны талд өгч байгаагаа мэдэгдсэн. Шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөөр сүрдүүлж байгаа. Ираны эрх баригчид Пакистаны зуучлагчдаар дамжуулан хүлээж авсан АНУ-ын төлөвлөгөөг зөвшөөрөх боломжгүйгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр дор нь мэдэгдсэн ч албан ёсны хариугаа хараахан өгөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд АНУ, Израилийн агаарын цохилтын улмаас Иранд 1,900 гаруй хүн амь үрэгдэж, 20,000 гаруй хүн шархадсаныг Олон Улсын Улаан Хавирган Сар нийгэмлэг мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн Ираны холбоотон Хезболла зэвсэгт бүлэглэлийн эсрэг явуулж буй Израилийн байлдааны ажиллагааны улмаас хөрш Ливан улсын хүн амын тавны нэг нь орон гэрээсээ дүрвээд байна. Баасан гарагт хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилж, Брент төрлийн түүхий газрын тосны баррель тутмын үнэ дайн эхэлснээс хойш 50 гаруй хувиар өсөж, $112 хүрчээ. Үүнийг дагаад АНУ-д бензин шатахууны жижиглэн худалдааны үнэ огцом өссөн нь Трампын засаг захиргаанд дарамт учруулж байна. Тухайлбал тус улсын хамгийн олон хүн амтай муж Калифорнид нэг галлон (3.78 литр) дизель түлшний үнэ $7.17 хүрсэн нь түүхэн дээд өсөлт болсныг Америкийн Автомашины Холбоо мэдээлжээ. Эх сурвалж: Reuters

Share this post: