TheMongoliaTime

Израилийн арми Ираны тагнуулын сайдын амийг хөнөөж, байгалийн хийн олборлолтын талбайд цохилт өглөө

2026-03-19 - 00:33

Лхагва гарагт Израилийн арми Ираны асар том байгалийн хийн орд болох Өмнөд Парсын талбайд агаарын цохилт өгснөөр Ойрх Дорнодын мөргөлдөөний хурцадмал байдал улам эрчимжлээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Израилийн тал Ираны тагнуулын сайд Эсмаил Хатибын амийг хөнөөсөн юм. Тэрбээр Израилийн агаарын цохилтод амь үрэгдсэн Ираны гурав дахь өндөр албан тушаалтан болж байна. Персийн булангийн Парсын талбай бол дэлхийн хамгийн том байгалийн хийн орд бөгөөд Иран улс уг талбайг хөрш Катартай хувааж ашигладаг юм. Ираны өмнөд бүсийн Бушер мужийн эрэгт оршдог тус талбай ойролцоогоор 51 их наяд шоо метр хийн нөөцтэй бөгөөд Ираны дотоод хэрэгцээний 70 орчим хувийг, Катарын экспортын дийлэнх хэсгийг эзэлдэг. Израилийн цохилтын дараа Тегераны эрх баригчид хөрш орнуудынхаа эрчим хүчний дэд бүтцүүд рүү халдахаар заналхийлсэн байна. Удалгүй Катарын эрчим хүчний компани Рас Лаффан дахь байгалийн хийн байгууламжид нь Ираны хариу агаарын цохилтын улмаас их хэмжээний хохирол учирсныг мэдээлжээ. Катарын гадаад хэргийн яам “Ираны харгис халдлага”-ыг буруушааж, өөрийн улс дахь Ираны цэргийн атташед 24 цагийн дотор тус улсаас гарч явах шаардлага хүргүүлсэн байна. Персийн булангийн бас нэг улс Арабын Нэгдсэн Эмират мөн Ираны пуужингийн халдлагын дараа Хабшан дахь байгалийн хий олборлолтын үйл ажиллагаагаа зогсоожээ. Өмнөд Парсын талбайд өгсөн агаарын цохилт нь АНУ, Израилийн өдөөсөн дайны зорилгыг тодорхойгүй болгож байна. Өмнө нь хоёр улс Ираны цөмийн байгууламжуудыг устгаж, дахин уран баяжуулах чадваргүй болгох зорилтыг зарлаж байсан. Тиймээс бүс нутгийн эрчим хүчний байгууламжууд агаарын цохилтоос чөлөөлөгдөж байсан юм. Харин өчигдрийн үйл явдал дайны цар хүрээг улам өргөжүүлэх эрсдэл үүсгэж байна. Өчигдрийн цохилтын дараа дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны баррель тутмын үнэ өсөж, $110-д хүрчээ. Израилийн цохилтын хариуд Иран улс Саудын Арабын тав, Арабын Нэгдсэн Эмират, Катарын тус бүр нэг эрчим хүчний байгууламжид хэдхэн цагийн дотор довтлохоор болсныг тус улсын төв хэвлэл зарласан юм. Ираны эсрэг АНУ, Израилийн өдөөсөн дайн гурав дахь долоо хоногтоо үргэлжилж, 2,000 гаруй хүний амийг хөнөөсөн ч хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус хоолойг нээхэд хамтран ажиллахыг Европ, Азийн холбоотнууддаа уриалсныг одоогоор хүлээж авсан улс гараагүй байна. Эх сурвалж: Associated Press

Share this post: