Оросын Приморскийн газрын тосны экспортын боомт Украины агаарын цохилтод өртжээ
2026-03-24 - 00:54
Оросын баруун хойд хэсэг Балтийн тэнгисийн эрэгт оршдог Приморскийн газрын тосны экспортын боомт Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөнийг орон нутгийн эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ. Өдөрт нэг сая гаруй баррель газрын тос экспортлох боломжтой уг боомтод халдлагын дараа томоохон гал түймэр гарсныг Ленинград мужийн захирагч Александр Дрозденко мэдээлсэн юм. Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Ленинград мужийн нутаг дэвсгэрт Украины 70 гаруй нисгэгчгүй онгоцыг унагасныг тэр бас мэдээлжээ. Украины тал өнгөрсөн оны есдүгээр сард мөн Приморскийн боомтод халдахад газрын тос ачих үйл ажиллагаа түр тасалдаж байсан юм. Өчигдрийн халдлагын дараа Приморскоос гадна түүнээс өмнө зүгт 80 км зайд оршдог Усть-Луга боомтын үйл ажиллагаа зогссоныг салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Усть-Луга нь өдөрт 700,000 орчим баррель газрын тос экспортлох багтаамжтай юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Приморскийн боомтын газрын тос хадгалах болон ачих байгууламжууд халдлагад өртсөн гэнэ. Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилийн дайны улмаас газрын тосны үнэ дэлхийн зах зээлд огцом өсөөд байгаа. Үүнийг хязгаарлахын тулд Трампын засаг захиргаа Оросын газрын тосны хоригийг түр цуцлах шийдвэр саяхан гаргасан юм. Энэ нь Оросын эрх баригчдын хувьд Украинд явуулж буй дайнаа санхүүжүүлэх боломж болж байгаа. Украины тал Приморскийн боомтод халдсан нь уг боломжийг таслан зогсоох зорилготой бололтой. Приморскийн боомт нь“сүүдрийн флот”-ын хөлгүүдээр дамжуулан Урал ангиллын түүхий газрын тосыг гадаад зах зээлд экспортолдог гол төв юм. Нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Даваа гарагийн шөнө дундаас эхлэн Санкт Петербург хотын Пулково олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосноо өглөөний 9:00 цагийн үед сэргээсэн байна. Эх сурвалж: Reuters