TheMongoliaTime

Ираны дайны улмаас Ши Жиньпинтэй хийх уулзалтаа сараар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд тавьснаа Трамп мэдээллээ

2026-03-17 - 00:26

Ираны дайны улмаас Ши Жиньпинтэй хийх уулзалтаа нэг сар орчим хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд тавьснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдээлжээ. Тэрбээр АНУ-Хятадын худалдааны эвлэрлийг сунгах асуудлыг хэлэлцэхээр гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Бээжинд айлчлах байсан юм. “Дайны улмаас би энд байх ёстой болоод байна. Тиймээс бид айлчлалаа нэг сар орчим хугацаагаар хойшлуулахыг хүссэн” гэж Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Ингэхдээ тэр Хятад улстай маш сайн харилцаатай байдгаа илэрхийлээд айлчлалыг хойшлуулсны цаана ямар нэг санаа байхгүйг баталсан байна. “Үүнд ямар ч заль мэх байхгүй. Асуудал маш энгийн. Бид дайнд оролцож байна. Би энд байх нь чухал” гэж Трамп тайлбарлажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Хятадын төлөөлөгчид Парис хотод уулзсан юм. Талуудын аль аль нь энэ уулзалт үр дүнтэй болж, АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын суурийг тавьсан гэж мэдээлж байна. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент өчигдөр өглөө сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадын засгийн газрын шадар сайд Хэ Лифэнтэй хийсэн уулзалт нь “бүтээлч, харилцаа тогтвортой байгааг харуулсан” гэж дүгнэжээ. Уг уулзалтад АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир, Хятадын худалдааны хэлэлцээрч Ли Чэнган нар оролцсон байна. Трамп саяхан дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам Ормузын хоолойг нээлттэй байлгахад туслахыг Хятад болон бусад холбоотон улсуудад уриалсан. Одоогоор Бээжин үүнд тодорхой хариу өгөөгүй байна. Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 40-50 хувиар өсөөд байгаа. Энэ нь Ормузын хоолойн тээвэрлэлтэд аюул тулгарч, Персийн булангийн орнуудын газрын тосны салбар Ираны агаарын халдлагын бай болсонтой холбоотой. Газрын тосны томоохон нөөцтэй Хятад улс бусад улсуудаас илүү дайны нөлөөг даван туулах чадвартай гэж шинжээчид үзэж байгаа. Гэхдээ тус улсын эдийн засаг экспорт дээр тулгуурладаг тул Ойрх Дорнодын орнуудтай хийдэг худалдаанд нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Эх сурвалж: AFP

Share this post: