ИРГЭН: Өндөр өртөгтэй зам барина гэж Туулын бургасыг хядаж байна
2026-03-20 - 08:22
Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл Туул гол дээгүүр зургаан эгнээ 32 км урт, хурдны замыг барих бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлээд буй. Харин иргэний зүгээс Туул голын голдиролд том оврын машинууд бургас хядаж буйг, байгаль орчноо сүйтгэж өндөр өртөгтэй зам барьж байгааг эсэргүүцэн олон нийтийн сүлжээнд бичлэгийг цацаж "2.3 их наяд төгрөгөөр хурдны зам барина гэж мөнгө үрж, байгалиа сүйтгэж байгааг эсэргүүцэн маргааш буюу Бямба гарагт 12:00 цагаас Маршалын гүүрэн дээр цуглаан зохион байгуулна" хэмээв. Харин Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Туулын хурдны замын авто замын барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Авто замын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдээд явж байна. Олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй. Нийт трассын уртад 10 метр өргөн түр зам гаргахаар ажиллаж байна. Үүний үндсэн дээр төмөрбетон суурийн ажлууд хийгээд явна” гэсэн тайлбарыг өглөө. Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөгийг төлнө. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг километр хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ. Хонконгийн "ХаоЮань групп" ХХК тус хурдны замыг барих тендерт шалгараад байгаа юм.