TheMongoliaTime

Олимпын аварга жүдоч Криста Дегүчи зодог тайлж байгаагаа зарлав

2026-03-24 - 08:44

Парисын олимпын аварга, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Японд төрсөн Канадын жүдоч Криста Дегүчи 30 насандаа зодог тайлж байгаагаа зарлав. Канад аав, япон ээжтэй Дегүчи гурван настайгаасаа жүдогоор хичээллэсэн. Хожим буюу 2012 онд иргэншлээ солих саналыг Канадын Жүдогийн Холбооноос тавихад тэр татгалзаж байв. Гэхдээ үүнээс таван жилийн дараа тэр бодлоо өөрчилж 2017 оноос Канадын иргэншилтэй болжээ. Иргэншлээ сольсноос хойш түүний үзүүлэх амжилт ахисан юм. 2018 оны Бакугийн ДАШТ-ээс хүрэл, дараа жил нь Токиод алт, 2023 онд дахин түрүүлсэн бол 2024 онд мөнгөн медаль зүүсэн. Мөн Парисын олимпоос алтан медаль хүртсэн түүхтэй. Ирэх аравдугаар сард 31 нас хүрэх Криста олимпоос хойш хэсэг хугацаанд завсарласны эцэст энэ онд болох Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөсөн ч бэлтгэлийн үеэр өмнөх шигээ эрч хүчтэй байхаа больсноо анзаарсан аж. Ялангуяа жин хасахад тэвчээр нь алдагдаж эхэлснээ Дегүчи хуваалцсан юм. Өмнө нь амжилтын төлөө бүхнээ золиослоход бэлэн байсан бол одоо тийм эрч хүч түүнд үлдээгүй мэт санагдсан байна. Гэхдээ зодог тайлах цаг нь болсныг хүлээн зөвшөөрөхөд тодорхой хугацаа шаардлагатай байсан тул тэр удаан хугацаанд олонд зарлаагүй аж. Мөн тэр Япон соёлын дагуу хаврын урь ороход шинэ амьдралаа эхлүүлэх болсноо зарлахаар зориуд хойшлуулсан байна. Тэр ирээдүйд залуу тамирчдыг бэлдэхэд анхаарахаар төлөвлөжээ. Хэдийгээр тамирчин байхаа больсон ч дасгалжуулагчаар эргэж ирэх хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан юм. Эх сурвалж: Judo Inside

Share this post: