TheMongoliaTime

"Нийтлэлч Отгонбаяр" сангаас зарласан сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

2026-03-09 - 06:37

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон ‘iToim’ агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж шилдгүүдээ өнөөдөр шалгарууллаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад уралдаанд оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн буюу нийт 44 нийтлэл ирсэн байна. Уралдаанд 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан юм. Шилдэг бүтээлийн эздээр: I байр "Монголын баримт шалгагч төв"-ийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь "$90,000-ын манипуляц" нийтлэл II байр "Үндэсний тойм" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно" нийтлэл III байр "Өнөөдөр сонин" тоймч Ж.Сувдмаа "Хуульгүй томилгоо" нийтлэл Энэ жилийн уралдааны шүүгчдээр Эргэлт.мн сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Энхмарт, МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал, МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, "Unlimited Media Group"-ийн гүйцэтгэх захирал С.Батбаатар нар ажилласан байна. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал "Өнгөрсөн жилтэй харьцуулахад сэтгүүлчид илүү их өгөгдөл ашиглаж бичсэн байна. Судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг нийтлэлдээ өргөн дэлгэр ашиглаж байгаа хандлага харагдсан. Өнгөрсөн жил засаглалын асуудлыг түлхүү хөндсөн байсан бол энэ жил улс төр, эдийн засаг зэрэг нийгэмд яригдсан халуун сэдвүүдээр бичсэн байна" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав "Unlimited Media Group"-ийн гүйцэтгэх захирал С.Батбаатар "Сэтгүүлчид тэр тусмаа залуу сэтгүүлчид дата дээр их ажилладаг болсон байна. Өөрөөр хэлбэл эх сурвалжийг илүү чухалчилж, өгөгдлийг ашиглахад илүү анхаардаг болсон байна. Гэвч сэтгүүлчдийн бүтээл нэг хэв загварт зангилагдаж байгаа нь анзаарагдлаа. Энэ нь сэтгүүлчийн ур чадвартай холбоотой юм. Нийтлэлүүдийн дата, сэдэв нь өөр хэрнээ бичлэгийн арга барил нь нэг хэв загварт байгаа нь олон бүтээлд ажиглагдсан. Г.Отгонбаяр сэтгүүлч ур чадвараараа бусад сэтгүүлчдээс ялгардаг байсан. Зөвхөн дата цуглуулаад тэрийгээ тухайн үеийн улс төр, эдийн засагтай холбоод бичлээ гээд сайн сэтгүүлзүйн бүтээл болж чадахгүй юм. Одоо үед мэдээллээ цуглуулахад маш том боломжтой болсон. Харин түүнийгээ урлаж, хүн бүхэнд анзаарагдах, уншигдаж чадахаар болгох хэрэгтэй байна" гэв.

Share this post: