TheMongoliaTime

Ираны эсрэг дайныг АНУ-ын хэн нэг экс ерөнхийлөгч дэмжсэн тухай Трамп ярьсан ч нэрийг нь хэлэхээс татгалзав

2026-03-18 - 03:32

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч нарын нэг нь түүний Ираны эсрэг эхлүүлсэн дайныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн, тэр ч байтугай өөрөө уг дайныг хийж чадаагүйдээ харамсдаг тухай ярьсан гэж хоёр ч удаа мэдэгдсэн юм. Гэхдээ одоо амьд сэрүүн байгаа АНУ-ын дөрвөн экс ерөнхийлөгчийн хэн нь ч сүүлийн үед Трамптай холбоо бариагүйгээ баталсан байна. Тэдний гурав нь Ардчилсан намын, нэг нь Бүгд Найрамдах намын ерөнхийлөгч юм. Сэтгүүлчид өчигдөр Трампаас чухам хэн ингэж хэлснийг асуухад “түүнийг эвгүй байдалд оруулмааргүй байна” гээд нэрлэхээс татгалзжээ. Даваа гарагт Кеннедийн Төвд болсон улс төрийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ Трамп олон арван жилийн турш Иран улс АНУ-д заналхийлж байсан бөгөөд "үүнийг зогсоохоор зориглосон цорын ганц ерөнхийлөгч" гэж өөрийгөө магтсан юм. “Харцгаа та нар, 47 жилийн турш ямар ч ерөнхийлөгч миний хийсэн зүйлийг хийж чадаагүй. Тэд үүнийг олон жилийн өмнө хийх ёстой байсан юм. Тэгсэн бол илүү амар байх байлаа. Үүнийг аль ч ерөнхийлөгч хийж зүрхлээгүй юм” гэж ярьжээ. Дараа нь Трамп “Гэхдээ үүнийг бүх ерөнхийлөгч мэдэж байсан. Намайг нэг ерөнхийлөгч асантай ярилцахад тэр ‘Би үүнийг хийх байсан юм’ гэж харамсан хэлж байсан. Гэхдээ тэд чадаагүй, би л хийсэн юм” гэж хэлсэн байна. Экс ерөнхийлөгч нараас хэн ингэж хэлснийг өчигдөр асуухад тэр “Би хэлж чадахгүй. Би түүнийг эвгүй байдалд оруулмааргүй байна. Хэдийгээр түүнд ямар ч карьер байхгүй ч түүний ажилд энэ нь муугаар нөлөөлөх болно” гэж хариулжээ. Энэ талаар Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, Жо Байден нарын төлөөлөгчдөөс лавлахад тэдний хэн нь ч сүүлийн үед Трамптай холбоо бариагүйг баталсан байна. Үүний дараа сэтгүүлчид дахин Цагаан ордны хэвлэлийн албанд хандахад ямар нэг тайлбар өгөөгүй юм. Трамп болон өмнөх ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2025 оны нэгдүгээр сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бүгд хамт байсан юм. Трамп өмнөх ерөнхийлөгч нараас Обама, Байден нарыг хамгийн их шүүмжилдэг бөгөөд Байденыг “манай улсын түүхэнд төрсөн хамгийн муу ерөнхийлөгч” гэж байнга муулдаг. Тэрбээр бас Иран улстай “аймшигтай муу” цөмийн гэрээ байгуулсан гэж Обамаг шүүмжилдэг. Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ыг уг гэрээнээс гаргасан юм. Даваа гарагийн орой Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр Трамп хэн нэг экс ерөнхийлөгчтэй Ираны дайны талаар ярилцсан түүхээ давтан ярьжээ. Энэ үеэр сэтгүүлчид “Жорж Буш байсан уу?” гэж асуухад тэр “үгүй” гэж хариулсан юм. “Билл Клинтон уу?” гэж дахин асуухад Трамп “Би хэлмээргүй байна. Гэхдээ тэр надад таалагддаг хүн байсан. Ухаалаг хүн. Тэр надад ‘би үүнийг хийсэн ч болоосой’ гэж хэлсэн. Гэхдээ би түүний хэн болохыг хэлмээргүй байна. Би түүнийг асуудалд хутгамааргүй байна” гэж хариулжээ. Эх сурвалж: Associated Press

Share this post: