TheMongoliaTime

Сэлбэ хотын олон нийтийн бүс буюу төв зам дагуух эгнээнд амины сууц, таун хаус барихаар төлөвлөжээ

2026-03-03 - 00:46

Сэлбэ 20 минутын хотын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд өнгөрсөн нэгдүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд саналыг өчигдөр хаажээ. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар 45 хоногийн хугацаанд хүлээн авсан байна. НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр тус бүсийн нийт талбай 41.92 га бөгөөд 15 байршилд хөрөнгө оруулалтын нийт 28 санал ирүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг гуравдугаар сарын 16-ны дотор үнэлж, зохих хариуг хүргүүлэх аж. Ингэснээр “Сэлбэ 20 минутын хот” төслийн хоёрдугаар шатны буюу хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй байршлын бүтээн байгуулалтын ажил эхлэх юм байна. Олон нийтийн бүс буюу төв зам дагуух нүүрэн талын эгнээг худалдаа, үйлчилгээ, далд зогсоол, үйлчилгээтэй орон сууц, хүнсний зах, давхар зогсоол бүхий үйлчилгээний төв, амины сууц, таун хаус зэргээр төлөвлөжээ. Харин барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын материал нийлүүлэгч болон бусад чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс урьдчилсан байдлаар нийт 250 орчим санал ирүүлжээ. Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарчээ.

Share this post: