TheMongoliaTime

Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн эрхийг түр түдгэлзүүллээ

2026-03-09 - 02:27

Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн өчигдөр эхэлсэн юм. Хаврын тэмцээний өмнөхөн ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавьдаа гар хүрсэн нь олны анхаарлыг татсан билээ. Уг асуудлаар сүмогийн холбооныхон энэ сарын 6-нд буюу өнгөрсөн Баасан гарагт хэлэлцсэн байна. Улмаар Г.Ган-Эрдэнийг хаврын тэмцээнд ажиллах эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн аж. Тэмцээний дараа эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ. Багштайгаа муудалцсан Хакүнофүжи гэмтлийн улмаас энэ тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч зодоглохоор шийдсэн юм. Тэрбээр эхний өдөр Ошома П.Дэлгэрбаяртай учраа таарч, унасан байна. Рэйвагийн мангас хочтой Хакүнофүжи энэ үеэр сэтгүүлчдэд анх удаа яриа өгч, асуудалд орсондоо хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйжээ. Исэгахама дэвжээний асуудал үүгээр дууссангүй. Тус дэвжээний Мидорифүжи зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хүргэгдсэн тул гуравдугаар сарын тэмцээнийг өнжихөөр болжээ. Өдгөө 29 настай япон сүмочийн хувьд маегаширагийн зүүний 15-д бичигдэж буй. Тиймээс ирэх тэмцээнээр зиндаа буурах нь магадлал өндөр болов. Эмч нарын хэлснээр Мидорифүжи ойролцоогоор нэг сар гаруй эмчилгээ хийлгэх юм. Эх сурвалж: Japan Forward

Share this post: