TheMongoliaTime

Д.Эрдэнэбат: Эрчим хүчний салбарт ажил хаях нөхцөл бүрдэж байна

2026-03-19 - 04:03

Эрчим хүчний салбарынхан цалин хөлсөө нэмүүлж чадаагүй тул ажил хаях нөхцөл байдал бий болсон талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэв. Уг салбарын 2026-2027 оны хэлэлцээрийг 2025 оны аравдугаар сарын 30-нд хийж дуусгах ёстой байсан ч талууд тохиролцож чадаагүй хэвээр байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Эрдэнэбат "Бид 2025 оны аравдугаар сарын 17-нд мэдэгдлээ өгсөн боловч хойшилж явсаар 2026 оны нэгдүгээр сарын 8-нд хэлэлцээ эхэлсэн. Энэ явцад дөрвөн удаа албан ёсны болон нэг удаа албан бус уулзалт хийлээ. Үр дүнд Эрчим Хүчний Яам(ЭХЯ) буюу ажил олгогч тал цалин хөлс нэмэх боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Хэлэлцээрт орж буй талууд тохиролцоонд хүрч чадаагүй учраас Хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэй хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэсэн. Үндсэн шаардлага нь эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 30 ба дээш хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний салбар мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, мөн итгэлцүүр хүртэлх гэх дордуулсан заалтыг итгэлцүүрээр гэж өөрчлөх ёстой гэсэн 12 заалттай. Хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр яаманд хүргүүлсэн бичигт ЭХЯ-наас хариу ирүүлээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 148.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүсэлт хүргүүлсэн. Энэ дагуу хөдөлмөрийн зуучлагчийг томилж ажиллуулсан. Хөдөлмөрийн зуучлагч нь гурван удаа талуудтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, үйлдвэрчний эвлэл талтай нэг, ажил олгогч талтай нэг буюу нийтдээ таван удаа уулзлаа. Эдгээр нь мөн үр дүнд хүрээгүй. ЭХЯ-наас тариф нэмэгдээгүй тул цалин хөлс нэмэх боломжгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Нэгэнт хоёр тал тохиролцож чадаагүй гэж үзсэн учраас хөдөлмөрийн зуучлагч энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Маргалдагч талууд гарын үсэг зурцгааж байгаа. Ингэснээр эрчим хүчний салбарт ажил хаях нөхцөл бүрдэж байна" гэв. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир "2026 оны улсын төсөв, гүйцэтгэлтэй холбоотой асуудал гарсаар байна. Алдаатай төсөв батлагджээ. Иймд Засгийн газар бодит байдлаа ний нуугүй ярилцаад өргөн хүрээний дүн шинжилгээ хийж, төсвийн тодотголоо ярих цаг болсон. Эрчим хүчний салбарын ажилтнуудын дийлэнх нь хүнд, хортой нөхцөл ажилладаг. Гэтэл цалин хөлс, нийгмийн хамгаалал нь орхигдсон" гэлээ.

Share this post: