TheMongoliaTime

Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг энэ жилдээ нөхөн төлүүлэхээргүй болжээ

2026-03-06 - 08:07

Манай улсын мал аж ахуйн салбарт 2025 оны байдлаар 313.2 мянган малчин ажилладаг гэх албан ёсны тоо бий. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн Малчны тухай хуулийг эцэслэн баталж байлаа. Уг хуульд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаад нөхөн төлүүлэхээр заасан байсан бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 1-ний дотор хэрэгжих ёстой байв. Тухайлбал 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр баталсан Малчны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.9 дэх заалтад “хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх” гэж, мөн зүйлийн 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.2.9-д заасан арга хэмжээтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна” гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оны нэгдүгээр сард “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам”-ын төслийг боловсруулж, санал авч байсан боловч одоог хүртэл батлагдаагүй. Учир нь 2026 оны төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийн ачаалал үүсэх тул харьяа яамнаас журмаа батлаагүй байгаа аж. "Сангийн яамнаас маш тодорхой санал өгсөн, энэ тогтолцоо өөрөө буруу" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан уг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Энэ бол маш буруу тогтолцоо. 2026 оны төсвийг 2025 оны есдүгээр сарын 1-нд өргөн барих үеэр харьяа яамнаас нь санал ирээгүй. Журам нь батлагдаагүй. Нийгмийн даатгалын сан бүгдэд эрх тэгш үйлчлэх ёстой. Гэтэл нийгмийн аль нэг хэсгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхгүйгээр тэтгэвэрт хамруулах ёстой юм. Төсөв өргөн барьснаас хойш Т.Аубакир сайд журам дээрээ санал авахаар ирсэн. Сангийн яамнаас маш тодорхой санал өгсөн, энэ тогтолцоо өөрөө буруу. Өнөөдөр хамгийн их татаастай явж байгаа салбар бол Нийгмийн хамгааллын яам. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломж олгоно гэдэг нь шударга тогтмол төлж буй иргэдэд тэгш бус байдал үүсгэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсчихсэн байгаа. Яг миний ярьсан асуудлаар, Нийгмийн даатгалын тогтолцоо иргэдэд тэгш бус үйлчлэх буруу тогтолцоо руу явж байна гэсэн утгатай. Малчны тухай хуулийн төслийг батлах үеэр би дэмжээгүй" хэмээн мэдээлэл өгсөн. Ямартай ч 2026 оны төсөвт тусгаж өгөөгүй учраас энэ жилдээ малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээргүй болж байна. Харин зургаадугаар сард батлагдах ирэх оны төсвийн төсөөллийн тухай хуульд “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам”-ын зардлыг суулгаж өгөх эсэхийг харах л үлдэж байна. малчдад үзүүлдэг төрийн дэмжлэг: Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан улмаар 2020, 2021 онд хэрэгжүүлсэн. Тус хуулийн үйлчлэлд 2021 оны жилийн эцсийн байдлаар 34.3 мянган даатгуулагч хамрагдаж, 76.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд нөхөн төлсөн байдаг. 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Малчны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцан төлж эхэлсэн. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 2025 онд 56.5 мянган малчин, туслах малчин даатгуулсан бөгөөд улсын төсвөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэлд 29.6 тэрбум төгрөгийг хариуцан төлсөн байна. Малчид өндөр насны тэтгэвэрт гарах ердийн наснаас 5 жилийн өмнө тэтгэвэрт гарч байна. Нийгмийн даатгалын сангаас 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 33.7 мянган малчин малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон байна. Үүнээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан 23.2 мянган малчин тэтгэвэр тогтоолгожээ. Журмын төслийн онцлох заалтууд: Хамрах хүрээ: 2.1.Малчны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.9-д заасан, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2025 онд малчнаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа, 10-с дээш жил шимтгэл төлсөн малчин даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хүртэл жилээр нэг удаа нөхөн төлүүлнэ. Шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлөх: 3.1.Малчны нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгт ногдох тухайн үед мөрдөж байгаа сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалын хувь хэмжээгээр буюу 11.5 хувиар тооцсон дүн байна. 3.2.Малчин энэ журмын 3.1-д заасны дагуу шимтгэлийг нөхөн төлөх сарын тоогоор үржүүлж тооцсон нийт шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн холбогдох дансанд нэг удаа бүрэн төлнө. 4.3.Малчны шимтгэл нөхөн төлөх хугацааг өөрийн санхүүгийн боломж, энэ журмын 4.2-т заасантай нийцүүлэн дараах байдлаар сонгож болно: 4.3.1.энэ журмын 2.1-д заасан хугацаанд мал маллаж, малчнаар ажиллаж байсан А данстай шимтгэл төлөөгүй өөрийн хүсэлтээр сонгосон 5 хүртэлх жилүүд; 4.3.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад заасан шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангахад шаардагдах 5 хүртэлх жилүүд.

Share this post: