TheMongoliaTime

Холбоотнууд нь Ормузын хоолойг хамгаалахад туслахаас татгалзсанд Трамп бухимдаж, АНУ-д НАТО "хэрэггүй" гэж мэдэгдэв

2026-03-18 - 01:04

Ираны хаасан Ормузын хоолойг нээлттэй байлгахад хамтран зүтгэх уриалгыг нь АНУ-ын холбоотнууд хүлээж аваагүйд ерөнхийлөгч Дональд Трамп бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Өчигдөр тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа үүнийг “маш тэнэг алдаа” хэмээн дүгнэж, АНУ-д НАТО “хэрэггүй” гэж гоморхсон байна. “Бүгд бидэнтэй санал нэгдэж байгаа ч тэд туслахыг хүсэхгүй байна. Энэ нь бидний хувьд цочирдмоор хариу тул АНУ мартахгүй, санаж явах болно” гэж Трамп хэлжээ. Тэрбээр Европын түншүүдээ Ормузын хоолойд Ираны тавьсан минануудыг цэвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байсан гэнэ. Трамп энэ ажлыг “том асуудал биш” гэсэн боловч АНУ дангаараа гүйцэтгэх нь “шударга бус” гэж хэлжээ. Тэрбээр энэ үеэр Европын зарим удирдагчдыг шүүмжилсний дотор Их Британийн ерөнхий сайд Кир Стармер байсан юм. Даваа гарагт Стармер “манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах боловч өргөн хүрээтэй дайнд татагдан орохгүй” гэж мэдэгдэж байв. Өчигдрийн хэвлэлийн хурлаас өмнө Трамп сошиал хуудсандаа Ормузын хоолойд байлдааны хөлгүүдээ илгээхээс татгалзсан Япон, Австрали, Өмнөд Солонгос улсуудыг шүүмжилсэн юм. Энэ үеэр тэр “Бид нэгэнт ийм байлдааны амжилт гаргаж чадаж байгаа тул НАТО-гийн орнуудын тусламж цаашид хэрэггүй” гэж мэдэгджээ. Персийн булангаас газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий ачсан хөлгүүд Ираны хяналтад байдаг нарийхан хоолойгоор заавал дамждаг. Ердийн үед энэ хоолойгоор дэлхийн нийт эрчим хүчний тээвэрлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг юм. АНУ, Израилийн өдөөсөн дайны улмаас Ираны тал Ормузын хоолойг хааснаас газрын тосны баррель тутмын үнэ дэлхийн зах зээл дээр $100 даваад байгаа. Үүний хариуд АНУ, Израилийн зэвсэгт хүчин Ираны эрчим хүчний гол байгууламж байрладаг Харк арлыг эзлэх, эсвэл Ираны өндөр баяжуулсан ураны ихэнх хэсгийг хадгалдаг Исфаханы бүсэд хуурай замын байлдааны ажиллагаа явуулах талаар бодож байж магадгүй гэсэн яриа тараад байгаа. Хэрвээ ингэвэл Вьетнамын дайн шиг намагт шигдэхээс айж байгаа эсэхийг нь сэтгүүлч асуухад Трамп “Би үүнийг хийхээс айхгүй. Би юунаас ч айхгүй байна” гэж хариулжээ. Эх сурвалж: AFP

Share this post: