TheMongoliaTime

Д.Очирбат: УНТЭ-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ноцтой зөрчигдсөн асуудал гараагүй гэж мэдээлсэн

2026-03-04 - 09:37

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ийн захирлыг долоо хоногт гурав сольсноор дотоод үйл ажиллагаанд хүндрэл учирч байгааг ажилтнуудын төлөөлөл мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга, УНТЭ-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн дарга Д.Очирбатаас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр "Шүүхээс Н.Лхажий даргыг үндэслэлгүйгээр халагдсан тул УНТЭ-ийн захирлаар буцаан томил гэсэн шийдвэр гарсан. Энэ дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Н.Лхажий захирал Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв(БОЭТ)-ийн даргаар ажиллаж байсан. УНТЭ-ийн захирлаар буцаан томилсны дараа ТУЗ-д хүсэлтээ өгсөн. Ингэхдээ нэгэнт ар гэрээ Өмнөговь руу нүүлгэсэн, БОЭТ-д ажиллаж байгаа учраас өөрийнхөө сонголтыг хийх боломж олгооч, УНТЭ-ийн захирлаас чөлөөлөгдье гэсэн. Шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэр төрийн асуудал Цалингийн нөхөн олговор авах Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлүүлдэг тул УНТЭ-ийн даргаар томилогдох хүсэлтээ өгсөн бол хоёр дахь сонголтоо би өөрөө хийж байгаа гэж тайлбарласан. Ажил байнга явагдаж байх ёстой учраас үүрэг гүйцэтгэгчээр дараагийн даргыг томилсон" гэв. Түүнчлэн УНТЭ-ийн дотоод үйл ажиллагаа доголдсон эсэхэд "Би УНТЭ-ийн ТУЗ-ийн төлөөлөл нь. Хуулиараа ТУЗ дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Тоног төхөөрөмж эвдэрсэн, зарим үйл ажиллагаа доголдсон зэрэг талаар сураглахад өнөөдрийн байдлаар доголдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ ноцтой зөрчигдсөн асуудал гараагүй гэж мэдээлсэн" гэв.

Share this post: