Ираны эрх баригчид АНУ-ын илгээсэн гал зогсоох төлөвлөгөөг няцааж, оронд нь өөрийн шаардлагыг тулгажээ
2026-03-26 - 00:33
АНУ-ын засаг захиргаа Ойрх Дорнодын дайныг зогсоох төлөвлөгөөгөө гуравдагч улсаар дамжуулан Ираны талд танилцуулсан ч хүлээж аваагүй байна. 15 зүйлээс бүрдсэн АНУ-ын төлөвлөгөөг Пакистан улсын засгийн газрын төлөөлөгчид Ираны эрх баригчдад дамжуулжээ. Үүнд хориг арга хэмжээг хөнгөлөх, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, пуужингийн үйлдвэрлэлийг хязгаарлах, Ормузын хоолойг нээх зэрэг нөхцөлүүд багтсаныг нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлсэн байна. Мөн гадаад дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихэд нь хязгаарлалт тавих нөхцөл багтсаныг зуучлах ажиллагаанд оролцсон Египетийн албаны эх сурвалж мэдээлжээ. Гэвч өчигдөр буюу Лхагва гарагт Ираны өндөр албан тушаалтан “Иран улс дайныг зөвхөн өөрийн шаардлагыг хангагдсан үед зогсоох болно” гэж хэлснийг тус улсын төв телевиз эш татан мэдээлсэн байна. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Хөрш орнуудад хандаж хэлэх миний үг: АНУ-аас хол бай” гэж хэлснийг эх сурвалжууд бас мэдээлжээ. Дайн эхлэхээс өмнө Тегераны эрх баригчид баллистик пуужингийн хөтөлбөр, бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн дэмжлэгээ ямар ч нөхцөлд зогсоохгүй, эдгээрийг үндэсний аюулгүй байдлынхаа гол баталгаа гэж мэдэгдэж байсан юм. Бас Ормузын хоолойн хяналт нь тус улсын хамгийн том стратегийн давуу тал болдог. Ираны хэвлэлийн мэдээлснээр АНУ-ын төлөвлөгөөг хүлээж авахаас татгалзсан Тегераны эрх баригчид оронд нь таван зүйлээс бүрдэх өөрийн шаардлагыг буцааж тавьсан гэнэ. Эдгээр шаардлагад Ираны удирдагчдыг алахаа зогсоох, өөрийнх нь эсрэг дахин дайн дэгдээхгүй байх, дайны нөхөн төлбөр авах, дайсагналаа зогсоох, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх байсан бололтой. Эдгээрээс дайны нөхөн төлбөр болон Ормузын хоолойн хяналтыг Цагаан ордон хүлээж авахгүй байх өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Персийн булангаас гарах нарийн суваг болох Ормузын хоолойд Иран, Оман хоёр улс өөр өөрийн эзэмшилтэй боловч олон улсын дундын усан бүс гэж үздэг. Ираны эсрэг дайнаа үргэлжлүүлэхийг ятгаж байгаа Израилийн албаныхан АНУ-ын гал зогсоох төлөвлөгөөтэй танилцаад нэлээд гайхсан гэх мэдээлэл албаны эх сурвалжаас иржээ. Дайн зогсоох төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ АНУ явган цэргийн хүчээ Ойрх Дорнод руу татсаар байна. Ойрын өдрүүдэд 82 дугаар десантын дивизийн 1,000 гаруй цэрэг тус бүс нутагт очих талаар Вашингтоны нэрээ нууцалсан гурван эх сурвалж мэдээлжээ. Десантын цэргүүд нь дайсагнагч талын нутагт шүхрээр бууж, чухал байгууламжуудыг хяналтдаа авах зорилгоор бэлтгэгдсэн байдаг. Үүнээс гадна Пентагон нэмэлт 5,000 орчим тэнгисийн явган цэргийг Ойрх Дорнод руу илгээсэн гэх мэдээлэл бий. Тэдгээр нь тэнгисийн хөлгөөс хуурай газарт бууж, байлдааны ажиллагаа явуулахаар бэлтгэгдсэн байдаг. Пакистан, Египет улсын зуучлагчид АНУ, Ираны төлөөлөгчдийн шууд уулзалтыг Баасан гарагт зохион байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээнд тусгай элч Стив Виткоф, түүний хүргэн Жаред Кушнер, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар оролцож байгааг мэдээлсэн. Харин Ираны талаас хэнтэй харилцаж байгаагаа нууцалсан юм. Эх сурвалж: Associated Press