TheMongoliaTime

Ашиглалтын зардлаа хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

2026-03-18 - 06:14

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Уг хууль нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, өмчийн эрхийг баталгаажуулах чиглэлээр боловсруулагдсан байна. Хуулийн төслийг дагалдуулан 17 УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Анх энэ харилцааг 23 жилийн өмнө батлагдсан хуулиар зохицуулж байсан учир шинэ хуулийн төслийг өргөн барьсан гэв. Манай улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн холбооны тоо тогтмол өсөж, 2023 оны байдлаар 1,676-д хүрчээ. Мөн СӨХ-ны нэр дээр 2.2 сая ам.метр газар ашиглах эрх бүртгэгдсэн байна. СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд 15 мянга өргөдөл, гомдол гаргаж, шүүхэд есөн мянга гаруй нэхэмжлэл ирсэн нь эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг илтгэдэг аж. Уг хуулийн төсөл батлагдсанаар, Орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг өмчлөгчид дундаа хязгаартайгаар эзэмших эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөх эрхийн баталгааг бүрэн хангана. Менежментийн компанийг нээлттэй, өрсөлдөөнт байдлаар, хамтын зарчмаар сонгон шалгаруулснаар дундын өмчийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдэнэ. СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох боломж бүрдэнэ. Ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолын ашиглалт, үйлчилгээ сайжирна. Орон сууцны байшингийн засвар, арчлалтын сан байгуулагдсанаар урсгал болон их засварыг хийх санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно. Сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд улс, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин тодорхой болно.

Share this post: