Иран улс АНУ-д эрчим хүчтэй холбоотой “томоохон бэлэг” барьсныг Трамп зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй
2026-03-25 - 00:24
Иран улс АНУ-д эрчим хүчтэй холбоотой томоохон буулт хийснийг Мягмар гарагт ерөнхийлөгч Дональд Трамп зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Уг бэлэг нь АНУ нээлттэй байлгах гэж хичээж буй Ормузын хоолойн эрчим хүчний тээвэрлэлттэй холбоотой болохыг Трамп хэлжээ. “Тэд бидэнд өнөөдөр бэлэг өгсөн нь асар их мөнгөний үнэтэй маш том бэлэг байлаа. Энэ нь цөмийн зэвсэгтэй холбоогүй, харин газрын тос, байгалийн хийтэй холбоотой. Тэд маш сайн зүйл хийлээ” гэж Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа тэр хэлсэн юм. Трамп энэ үеэр бас “АНУ энэ дайнд ялсан” гэж мэдэгдсэн ч батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт дайн хурдан дуусах болсонд сэтгэл дундуур байгааг хэлсэн нь анхаарал татаж байна. “Пит дайныг хурдан дуусгахыг хүсээгүй” гэж тэр хэлсэн ч энэ нь ямар утгатай болохыг тайлбарлаагүй юм. АНУ дайныг зогсоох асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд “зөв хүмүүс”-тэй ярилцаж байгаа, Ираны тал тохиролцоонд хүрэхийг маш их хүсэж байгаа зэргийг Трамп энэ үеэр бас хэлжээ. Тэрбээр тусгай элч Стив Виткоф, өөрийн хүргэн Жаред Кушнер, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар уг хэлэлцээнд оролцсоныг баталсан байна. Өмнө нь Пакистан улс АНУ, Ираны хоорондын яриа хэлэлцээг зуучлахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. АНУ яг ямар тохиролцоонд хүрсэн, Ираны ямар албан тушаалын хүмүүстэй хэлэлцэж байгаа, дайны гал хэзээ зогсох зэрэг нь асуудал тодорхойгүй хэвээр байна. Эх сурвалж: Reuters