TheMongoliaTime

Орос улс Ираныг тагнуулын мэдээллээр хангах нь “дайны үр дүнд нөлөөлөхгүй” гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдэв

2026-03-08 - 03:07

Ойрх Дорнод дахь АНУ-ын хөлөг онгоцнууд, цэргийн баазуудад Ираны арми агаараас довтлоход шаардлагатай тагнуулын мэдээллийг Орос улс Тегеранд нийлүүлсэн тухай Вашингтон Пост сонин Вашингтоны нэрээ нууцалсан албаны эх сурвалжуудаас уламжлан мэдээлжээ. Гэвч Трампын засаг захиргаа уг мэдээллийг үл тоомсорлосон байр суурь илэрхийлж байна. Тухайлбал Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт энэ талаар “Ингэлээ гээд Иранд явуулж буй цэргийн ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй нь манай амжилтаас харагдаж байна’ гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. CBS 60 Minutes нэвтрүүлэгт ярилцлага өгсөн Пентагоны тэргүүн Пит Хэгсэтээс энэ тухай асуухад “АНУ бүх зүйлийг хянаж байгаа. Байлдааны ажиллагааны төлөвлөгөөндөө үүнийг тооцсон” гэж хариулсан байна. “Ерөнхий командлагч нь хэн хэнтэй харилцаж байгааг сайн мэдэж байгаад Америкийн ард түмэн итгэлтэй байж болно. Олны нүдэн дээр, эсвэл нууцаар явагдаж буй гэдгээсээ үл хамааран болохгүй гэж үзсэн бүхэнтэй бид хатуу тэмцэж байна” гэж тэр хэлжээ. Трамп тагнуулын мэдээлэл солилцсон асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан эсэх, Орос улс ингэснийхээ үр дагаврыг амсах ёстой эсэх талаар асуухад Ливитт хариулахаас татгалзаж, үүнд “ерөнхийлөгч өөрөө хариулах байх” гэсэн юм. Хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад Ираны талаас ийм хүсэлт ирээгүйг баталжээ. Украины дайны дөрвөн жилийн турш Орос улс пуужин, нисгэгчгүй онгоцны хангамжаа нэмэгдүүлэх зорилгоор Иран улстай харилцаагаа улам эрчимжүүлээд байгаа. Нөгөө талаас Украин нь Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцны хадлагаас хамгаалах арга техникийг хамгийн сайн эзэмшсэн улсад тооцогдох болсон. Өнөөдөр Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны үеэр АНУ болон түүний холбоотнуудад Украины энэ мэдлэг, туршлага чухал хэрэгтэй байгаа. Саяхан Украины мэргэжилтнүүд Ойрх Дорнодын орнуудыг зорьсон тухай Киевийн албаныхан мэдээлсэн юм. Тухайлбал ерөнхийлөгч Зеленский энэ талаар Арабын Нэгдсэн Эмират, Катар, Бахрейн, Кувейт, Йорданы төлөөлөгчидтэй ярилцсанаа мэдээлжээ. “Украин улс Шахед нисгэгчгүй онгоцны халдлагаас хэрхэн хамгаалахаа мэддэг, учир нь манай хотууд бараг шөнө бүр тэдэнтэй тулгардаг. Бид хэрэгтэй үед нь түншүүддээ туслахад үргэлж бэлэн” гэж АНУ-д суугаа Украины элчин сайд Ольга Стефанишина хэлсэн байна. Эх сурвалж: Associated Press

Share this post: