"Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна"
2026-03-03 - 05:07
Өнөөдөр сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2026 оныг "Хүүхдийн сонсголыг хамгаалъя" уриаг дэвшүүлжээ. Энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх зорилгоор бүх насны иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээг 16:30 цаг хүртэл амбулаторийн 310 тоотод хийж байгааг мэдээллээ. Ингэснээр сонсгол хэвийн, хэвийн бус байна уу гэдгийг тодорхойлж байгаа аж. Мэргэжлийн эмчийн хэлснээр хөнгөн зэргийн сонсгол бууралт нь шалгуулахаас нааш хүнд мэдрэгддэггүй байна. Чихний сонсгол юунаас болж мууддаг талаар тус эмнэлгийн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасгийн их эмч н.Байгалмаа "Чихний сонсгол нь механик, гэмтэл, чихний анатоми зэрэг олон шалтгааны улмаас буурдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь үрэвслээс үүдэлтэй сонсгол бууралт бүртгэгдэж байна. Сонсгол бууралт нь эргэж сэргэх болон сэргэшгүй гэж хуваагддаг. Гадна, дунд чихний үрэвслийн үед сонсгол сэргэдэг бол дотор чихний үрэвслийн үед хугацаа алдсанаас болж сэргэхгүй байх магадлалтай. 80 буюу түүнээс дээш дицебелийн дууг чанга чимээ гэж үздэг. Онгоц, кинотеатрын үзвэрийн дуу чимээг 80 дицебелээс чанга чимээ гэж үзнэ. Хүний чихэнд доторх дөрвөн янзын булчин энэхүү чанга чимээг ойлгож авч зөөллөөд дотор чих рүү дамжуулдаг. Чихэвчээр дуу сонсохдоо байнгын чанга сонсвол дотор чихэнд нөлөөлдөг. Гэнэтийн сонсгол алдалт гэж бий. Энэ нь насанд хүрэгчдэд илүү тохиолддог, аюултай. Вирусийн гаралтай байж болдог ч ихэнх нь шалтгаан тодорхойгүй. Тухайлбал буугаар буудах гэнэтийн чанга чимээнд хүн дүлийрэх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл хүний дотор чихний соронзлог эсүүд үхэждэг. Энэ тохиолдолд 72 цагийн дотор эмчид хандвал сонсгол буцаж сэргэх магадлал 50-80 хувьтай. Харин 7-14 хоногийн хугацаа алдвал сонсгол эргэж сэргэшгүй өөрчлөлтөд орчихдог. Чих тань сонсохгүй болчихвол хугацаа алдахгүй эмчид хандахыг зөвлөж байгаа. Сүүлийн жилүүдэд 5-19 насны хүүхдүүд сонсгол бууралтад өртөх нь их байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн талаас дээш хувийн сонсголыг нөхөн сэргээх боломжтой байдаг. Жишээ нь 10 хүүхдийн 7 нь сонсгол бууралттай гарахад 6 хүүхдийн сонсголыг буцааж нөхөн сэргээх боломжтой. Хүүхдүүд сурч боловсрохын тулд сонсгол хэвийн байж тархи хэвийн ажиллана. Тийм учраас энэ жил хүүхдүүдийн сонсголд багаас нь анхаарч, сонсгол бууралтыг хянахыг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж байгаа юм" хэмээн ярилаа. Хэт чанга дуу чимээ нь сонсголыг аажмаар гэмтээдэг тул чихэвчний дууг багасгаж, чанга орчинд хамгаалалт хэрэглэж байхыг зөвлөлөө. Чихэвчээр байнгын хэт чанга дуугаар сонсоод байвал гэнэтийн сонсгол алдалтад хүрдэг байна. Тухайн сонсож байгаа төхөөрөмжийг 60 минутын буюу нэг цагийн хугацаанд л чанга буюу 60 хүртэл дицебелээр сонсож болох 60:60 аюулгүй дүрмийг ДЭМБ-аас гаргажээ. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 1-10 дугаар ангийн 3,000 орчим хүүхдэд шинжилгээ хийхэд 12-13 орчим хувь нь сонсголын бууралттай байжээ. Зарим хүүхдийн чихний хэнгэрэг цоорсон байсныг нөхөн сэргээх боломжтой гэсэн онош гарсан байна. Мөн эцэг эх, асран хамгаалагч нараас нь зөвшөөрөл авсны үндсэн дээр ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн 35 хүүхдийн чихэнд зөөлөвчтэй бөглөөг зүүлгэж сонсгол бууралттай найзуудад нь ямар бэрхшээл тулгардгийг мэдрүүлэх эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулжээ. Ингэхэд хүүхдүүд юу ч сонсохгүй байх ямар хэцүү байдгийг ойлгосон тухайгаа ярьсан байна. Гэнэтийн сонсгол алдахад цаг алдахгүй, дур мэдэж эмчлэхгүй байх зөвлөгөө зэрэг долоон үйл ажиллагааг Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зохион байгуулсныг тэрбээр онцоллоо.