Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажил ирэх сард эхэлнэ
2026-03-09 - 02:17
Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн хашаанд тавдугаар цахилгаан станцыг барих шийдэлд хүрээд байгаа. НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар цахилгаан станцыг барих бэлтгэл ажил буюу талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дуусжээ. Харин ирэх дөрөвдүгээр сард станцын барилга угсралтын суурийн ажлыг эхлүүлнэ. Станцын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 30 сар буюу 2.5 жил байна. Тус станцыг Камбож улсын "Митайм Интернэйшнл" компани барина. ДЦС-5 төслийн нийт хөрөнгө оруулалт $658 сая, 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийг нийслэл хариуцах нөхцөлтэй байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2х150 МВт хүчин чадал бүхий хоёр блоктой. Агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2-ыг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуухыг ашиглах бөгөөд станцыг усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгальд ээлтэй шийдлээр барихаар төлөвлөжээ. Цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажилласан үед жилд дулааны ачаалал 4.8 сая ГДж байхаар ТЭЗҮ-ээр тооцоолсон байна. Ингэснээр цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулах аж.