Сайн уу, хаана явна?
2026-03-18 - 04:03
Монголд анх удаа телевизийн олон суваг цацагдахтай зэрэгцэн пүүс компаниудын арилжааны зар тэдгээрт нийтлэгдэж, холбогдох хаягт нь 9911.... гэсэн найман оронтой өвөрмөц дугаарууд үзэгдэж эхлэхээс гар утас гэх цоо шинэ зүйлийн талаарх төсөөлөлтэй болсон 1996 он. Тэр жилийн сонгуулиар бүрдсэн парламентын гишүүдийн дүрс, зураг бүхий мэдээ, мэдээллүүд зурагт, сониноор нэвтрэхэд тэд ихэвчлэн гартаа утастай байх нь ч содон харагдана. Бизнес, улс төрийн хүрээ Улаанбаатарт дөнгөж л үүсэж, анхны 889 ширхэг дугаарыг тэндээс эзэмшиж, Мобиком гэдэг нэр ирээдүй энд ирсний дохио, басхүү хэн нэгний нийгэмд эзлэх байр суурийн хэмжүүр болж байлаа. Монголын анхны өдөр тутмын, чөлөөт ардчилсан томоохон сонины газарт алдартай сэтгүүлчдийн дунд орж байгаагаа өөрөө ч мэдэлгүй, ёстой л зараар, сохор азаар ажиллаж эхэлсэн хүн билээ. Сэтгүүлчид Бал гэдэг нэрийг амнаасаа нэн хүндэтгэлтэй унагах ч сайх эрхлэгч нь харагдахгүй юм. Гадаад явсан гэлцэх. Түүний зохиолоор бүтээсэн “Хачин хүн” хэмээх тухайн цаг үедээ сэтгэлгээний харанга дэлдэн залуусыг байлдан дагуулсан “хачин” киног 1989 онд дунд ангийн хүүхэд байхдаа үзэж байсны хувьд ямаршуу хүн байдаг бол гэж сониучирхан ирэхийг нь хүлээгээд байлаа. Гэтэл нэг өглөө редакцын хонгилоор миний урдхан ганцаараа ярьж, инээж яваа хүн бага зэрэг тонгойн алхсаар хаалгаар ороод явчхав. Би ямар өмнө нь гар утас барьсан, түүгээрээ ярьж яваа хүнийг “амьдаар” нь харсан биш. Ийнхүү нэрт сэтгүүлч, чөлөөт хэвлэлийн магнат Ц.Балдоржийг анх харахад түүний бугуйд Rado цаг, гарт нь антеныг нь гозойлгосон Siemens утас гялалзаж байсан. Гар утсаар нь чухал хүн болохыг багцаалж, редакцын хаалгаар өөриймсөг алхсанаар нь “Энэ утастай хүн нөгөө эрхлэгч нь байж таарлаа” хэмээн таасан, яг оносон. Бал эрхлэгчийн дараа манай орлогч эрхлэгч Б.Пүрэвдаш социализмын үеийн Румын мебель шиг гялалзсан бор өнгөтэй гар утастай болов. Пүүжээ эрхлэгч ширээнээсээ босож, редакцын аль нэг тийш утсаа бариад алхахад нь суурин утаснаас дуу хоолойгоо өөрчлөн залгаж хаана байгааг нь асуун мөн их сахилгагүйтсэн сэн. Бид гар утсанд дасаж өгөхгүйдээ ч тэр үү, тэрхүү цоо шинэ зүйлийн үзэгдэл, мөн чанарыг танин мэдэх хүсэлтэйдээ ч үү, басхүү шуудхан барьж аваад үзэж танилцах зориг дутсандаа ч юм уу, ямартай чиг Пүүжээ эрхлэгчийн гар утсыг алсаас дуугаргах замаар нэг хэсэгтээ л элдэвлэсэн нь тэр юм даг. Миний цээжилсэн анхны дугаар 9919...., бас гартаа барьж, хамаагүй дарж, дураараа оролдож үзсэн анхны утас миний найз Туулынх байлаа. Найз маань Мобиком урьдчилсан төлбөрт үйлчилгээ нэвтрүүлэхэд 1998 онд гар утас, дугаартай болсон анхны үйлчлүүлэгчдийн нэг. Улаан хүрэн өнгийн, нүүрэн дээрээ дэлгэцтэй, олон хөөрхөн товгор товчтой, утас гэхэд “утасгүй”. Суурин утастай харьцуулах ч юм биш. Хажууд нь арав дахин жижигхэн, хөнгөхөн, ерөөсөө их чамин эд. Түүнийгээ хүзүүнээсээ гинжээр зүүгээд өрцөн дээрээ сондор лугаа ил залсан маягтай явна. Хүзүүнээсээ оосорлохгүй байя гэх нь ээ гараас алдуурчихвал хэтэрхий хайран эд шүү дээ. Даанч өнөөх дуугарах нь ховор. Хорин хэдтэй, үе тэнгийн танилууд дундаа ганцаархнаа гар утастай түүнийг гэх дуудлага хэнээс ч завсаргүй ирэх вэ дээ. Арай гэж дуудлага ирэхэд дэлгэц нь ногооноор гэрэлтэж, түргэн хэмнэлтэй ая хавиар нэг чимээлэх бөгөөд найз ч тэвдэнэ, би ч бас цочно. Гэхдээ л бид хоёр яг л хүлээж байсан мэт ихэд олзуурхан баярлана. Хажуугийн хүмүүс бүгд харна. Бахархаж байх шиг л санагдана. Найз утсаар ярих үедээ дуу нь чангараад л явчихна. Гэвч дэмий л юм ярина. Хаана хэнтэй явж байгаагаа хэлээд гүйцээ. Утсаа дуугаргаж байхын тулд гэртээ үлдсэн дүү нартаа залгахыг “тушаадаг” байсан юм билээ. Тэр үеэс хэн хаана юу хийж байгааг мэдэх боломж бий болсон бөгөөд өнөөгийн амьд биш хэр нь гар утас дагасан өргөн харилцааны, бас үлэмж боломжийн эхлэл тавигдаж байж. Нэг жилийн дараа би ч бас гар утастай болж, болоо ч үгүй азын дугаар авмагцаа хамгийн түрүүнд найз руугаа ярьсан тэр хөөрүү өдөр автобуснаас буухдаа гар утсаа алга болгочихсоноо мэдээд ухаан алдахаа шахаж билээ. Гар утас алдана гэдэг зүрх зүсэгдсэн аймшигтай явдал юм. Тиймээс анх удаа мэргэн хүнд очсон минь гар утсаа сураглах гэж. “Эрж хайх хэрэггүй, илүү муу зүйл болохыг хаасан байна” гэсэн. Гэвч тэр үед гар утсаа алдахаас илүү том гарз хохирол байхгүй гэдэгт л итгэж байлаа. Найз нөхөд, гэр бүлийнхэн, танил хүмүүсийн сонин сайхан, хэл ул дэлгэцээр ойртож, дэлхийн хаана хэн юу хийж байгааг 5G харж, бас харилцаж, гар утас монголчуудын амьдрал болсны 30 жилийн ой тохиож буй 2026 он. Басхүү гар утас, интернэтийн хөгжлөөс үүдэлтэй амьд бус харилцааны сөрөг үр дагавруудад мэгдэж байсан анхны үеүдийг хүн төрөлхтөн амжилттай даван туулж буй цаг. “Сайн уу, чи хаана явна” хэмээх асуулт, “Энд байна!” гэх яг таг хариулт Монголд цуурайтсан 30 жилд Мобиком бидэнтэй хамт байлаа.