TheMongoliaTime

Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

2026-03-03 - 06:06

Банкны салбарын 2025 оны тоймыг өнөөдөр Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос танилцууллаа. Мэдээллийн эхэнд МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар эдийн засгийн үзүүлэлтийн талаар "Өнгөрсөн онд эдийн засгийг дэмжих бизнесийн зээл өсөлттэй гарлаа. Харин бодлогын зохицуулалтын арга хэмжээ авагдсанаар иргэдэд олгох зээлийн өсөлт хязгаарлагдсан. Ингэснээр иргэд зээлээ эргэн төлөх, зээлээ дахин санхүүжүүлэх боломж хязгаарлагдсанаар иргэдийн зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн байна. Машины, цалингийн, картын зээлийн чанаргүйдэл нэмэгдлээ. Эдийн засаг 6.8 хувь өссөн. Үүнд хөдөө аж ахуйн салбарын өсөлт нөлөөллөө. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд байгаа онож, хөдөө аж ахуйн салбарт сэргэлт авчрахад голлох нөлөөг үзүүлсэн. Төсвийн хувьд өнгөрсөн жилийн эцэст тодотгол хийж, чанд сахилга баттай байх өөрчлөлтүүдийг хийснээр төсвийн үндсэн тэнцэл эерэг гарахад нөлөөлсөн. Мөн Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлага 3 нэгж хувиар буурсан нь бодит эерэг үр дүн юм. Үүний нөлөөгөөр энэ онд бодлогын хүү буурах таатай макро орчин бүрдэх боломж гарах хүлээлт үүсгэсэн. Учир нь төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх" гэв. "Системийн нөлөө бүхий банкуудын актив 18 хувь өсөж, эх үүсвэр нь 10 хувь нэмэгдсэн" Харин банкны салбарын 2025 оны тойм үзүүлэлтээс тэрбээр "Өнгөрсөн онд зээл 19 хувиар өссөн. 2024 оны төгсгөлд зээл 38 хувийн өсөлттэй байв. Зээл хэт тэлснээр эдийн засаг халалт үүсэх эрсдэл байсан. Харин өнгөрсөн онд харьцангуй тогтвортой түвшинд бууж ирлээ. Төгрөгийн харилцах хадгаламж өнгөрсөн жилийнхээсээ өндөр өсөлттэй байгаа. Энэ нь төгрөгийн хадгаламжийн өгөөж нь валютын хадгаламжаас илүү байна гэсэн үг. Сүүлийн саруудад төгрөгийн ханш чангарсан. Ингэснээр гадаад валютын хадгаламжийн өгөөж буурч, иргэд төгрөг рүү хөрвүүлж хадгалах эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Системийн нөлөө бүхий банкуудын актив 18 хувь өсөж, эх үүсвэр нь 10 хувиар нэмэгдсэн. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 38 хувь байгаа. Товчхондоо хэлэхэд банкны салбарын эрүүл мэнд онц сайн байна" гэж онцлон танилцууллаа.

Share this post: