TheMongoliaTime

Иргэд Маршалын гүүрэн дээр Туулын хурдны зам төслийг эсэргүүцэж, албаныхан Наадамчдын гүүрний орчимд мэдээлэл өгөв

2026-03-21 - 07:33

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул гол дээгүүр баригдах хурдны замын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний талаар холбогдох албаныхан өнөөдөр Наадамчдын шинэ гүүрний хойд талд мэдээлэл өгсөн бол уг замыг эсэргүүцсэн иргэд Маршалын гүүрэн дээр цуглаан зохион байгуулж байгаа үйл явдал өрнөж байна. Хоёр талын мэдээллийг хүргэж байна. Их мөнгө зарлагдаж байгаль орчноо сүйдэж байгааг эсэргүүцэж байна Маршалын гүүрэн дээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийн төлөөлөл "Туулын хурдны зам түгжрэлийг шийдэх шийдэл биш. Туул гол Улаанбаатар хотын урд хэсэгт байдаг. Гэтэл хотын төвийн түгжрэлийг Туулын хурдны зам шийдэхгүй, өндөр өртөгтэй. Дэлхийн жишиг өртгөөс хоёр дахин мөнгө зарж барих гэж байна. Нарийвчилсан зураг төсөв, тооцоогоо харуулахгүй, нууц. Мэдээж авто замд мөнгө зарцуулах ёстой. Хүн амын төвлөрөл ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагтад хурдны зам тавихгүй байгаа юм. Энэ хэсэгт хурдны зам тавивал иргэд их зорчино. Туулын хурдны замаар транзит тээвэр л явна, шууд явдаг Улаанбаатарчууд байхгүй. Их мөнгө зарлагдаж байгаль орчноо сүйдэж байгааг эсэргүүцэж байна. Татвар төлөгчдийн 2.3 их наяд төгрөгийг үр ашиггүй цацаж байгаад гомдолтой байна" хэмээн ярилаа. Тэд Туулаас савраа тат, Ус, модоо хайрлая, Туул голоо хайрлая, тайван орхи хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна. Нарийвчилсан үнэлгээгээр замын трасст өртсөн талбайн бургас, улиас тайрагдана Туулын хурдны замын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулсан "ТЭКОЛ" компанийн захирал Т.Мөнхжаргал: 2025 оны зургаадугаар сард Байгаль орчны яамнаас гарсан ерөнхий үнэлгээний чиглэл хуваарийн дагуу Туулын хурдны зам төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж мөн оны арванхоёрдугаар сарын 3-ны Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн засвартайгаар дэмжигдсэн юм. Ингээд нарийвчилсан үнэлгээний тайланд холбогдох байгууллагуудын шүүмж, зөвлөмжийг тусгаж, тооцооллыг оруулсан. Замын трассын дагуу өртөж байгаа Туул голын ойр орчмын модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолохдоо Нийслэлийн Байгаль Орчны Газраас шаардлагатай зөвлөмжийг тусгаж, шинэчилсэн. Нийт 32 километр урт баригдах замын трасст 43.2 га газар өртөх тооцооллыг гаргасан бөгөөд хохирлын хэмжээг 805 сая гаруй орчим төгрөгийн хохирол учруулж болзошгүй үнэлгээг гаргасан. Гүйцэтгэгч компанийн зүгээс 10 гаруй га газар дээр чөлөөлөлт болон хохирлын хэмжээ учруулах болов уу. Аливаа төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулах нь байдаг. Бидний зүгээс байгаль орчин, эко системийг устгахгүй байх үүднээс зөвлөмж, технологи, арга зүйг нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан байгаа. Төслийн хүрээнд байгаль орчны техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардалд 1.5 орчим тэрбум төгрөгийн зардлыг тусгасан. Мод тарих болон ашиглаж буй карьер, мод өртөж байгаа газрын нөхөн сэргээлтийн зардлыг тухайн жил бүрийн менежментийн төлөвлөгөөнд тусгаж өгсөн. Туулын хурдны замын нийт урт 32 километр. Үүний 13 километр нь үерийн далангийн хойд хэсгээр үлдсэн нь гүүрэн байгууламж хэлбэрээр баригдахаар төлөвлөсөн. Ундны усны хохирлын тухайд Эрүүл ахуйн бүсийн энгийн болон онцгой хамгаалалтын дэглэмийг мөрдөх журамд эрүүл ахуй, онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтцийн барилга, байгууламж барьж болно гэсэн заалт бий. Энэ дагуу замыг барих шийдвэр гарсан. Ундны усанд эрсдэл учрахгүй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар гүйцэтгэгч компани мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллана. Нарийвчилсан үнэлгээгээр замын трасст өртсөн талбайн бургас, улиас тайрагдана. Туул гол Хэнтийн нуруунаас эх авдаг, хэсэг газрын мод тайрагдах учир ус ширгэхгүй. Модыг нөхөн сэргээж, тарина. Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Дарга Б.Одбаяр: 32 километр Туулын хурдны замын нийт талбай 43.2 га, үүнээс мод бут дайрч буй хэсэг нь 10 га. Харин түр зам барих хэсэгт мод бут тайрч байгаа талбай нь 3.4 га, өөр талбайд мод, бут тайрахгүй. Нөхөн сэргээлтийн зардлыг нийт талбай буюу 43.2 га-аар тооцсон. Туулын хурдны замыг барихдаа голын голдирлыг өөрчлөхгүй бөгөөд тохируулга хийнэ. Гүйцэтгэгч компанийн төлөөлөл: Туулын хурдны замын барилгын ажил эхэлж8 хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн 12 дугаар сард Эрдмийн зөвлөлийн хурлаар тус төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь батлагдсан юм. Энэ хүрээнд НБОГ-аас зөвлөмж авч, экологи, эдийн засгийн үнэлгээ, хохирлын хэмжээ тогтоогдсон. Мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн тайлангийн дагуу Байгаль Орчин Уур, Амьсгалын Өөрчлөлтийн санд Туулын хурдны замын трасст өртөж байгаа 43.2 га талбайн хохирлын хэмжээний эрсдэлийн мөнгийг шилжүүлсэн байгаа. Уг замыг барихад 10.5 га талбай дээр трасст өртөж, зайлшгүй мод чөлөөлөх хэсэг байгаа. Нөхөн сэргээлтийн хувьд нийт 118 га талбайг нөхөн сэргээлт хийх юм. Нарийвчилсан үнэлгээний тайлангаар бидэнд нөхөн сэргээлтийг хийх таван жилийн хугацаа өгсөн. 2026-2030 онд нөхөн сэргээлтийг гүйцэтгэнэ. 2028 онд замын барилга угсралтын ажлыг эцсийн байдлаар бүрэн хүлээлгэж өгнө. Энэ үед нөхөн сэргээлтийг дуусгасан байх ёстой. 2029, 2030 онд нөхөн сэргээсэн газраа арчилна. Туул голын экологийг алдагдуулахгүй байх асуудлаар усны мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Ирэх сард багтааж Туул голын устай холбоотой зөвлөмжийг гаргаж өгнө, энэ дагуу бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэнэ, шахуу төлөвлөгөөтэй. Бидний ажлыг иргэд зөв ойлгоосой гэж хүсэж байна. Фото: Туул голын бургасны өнөөгийн төрх (2026.03.20)

Share this post: