Олимпын төрлүүдийн эмэгтэй ангилалд зөвхөн “биологийн хувьд эмэгтэй” тамирчдыг оролцуулахаар хязгаарлав
2026-03-27 - 01:32
Олимпын спортын төрлүүдийн эмэгтэй ангилалд өрсөлдөх тамирчдыг хүйсийн шинжилгээнд хамруулж, трансжендер эмэгтэйчүүдийн оролцох боломжийг хааж байгаагаа Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) өчигдөр зарлажээ. Ингэснээр 2028 оны Лос-Анжелесын Зуны Олимпын наадамд зөвхөн биологийн хувьд эмэгтэй тамирчид оролцож, бэлгийн хөгжлийн ялгаатай (Differences in Sexual Development) тамирчдыг хориглохоор болж байна. 2021 онд ОУОХ спортын төрөл тус бүрийн холбоодод уг асуудлыг өөр өөрийнхөөрөө шийдэх эрх олгож байсан бол өчигдөр үүнийгээ цуцалжээ. “Олимпын наадам болон ОУОХ-ы бусад арга хэмжээнүүдэд, түүний дотор хувийн болон багийн спортын төрлүүдэд оролцох эрхийг биологийн хувьд эмэгтэй тамирчдаар хязгаарлаж, нэг удаагийн SRY генетикийн шинжилгээнд үндэслэн эрх олгохоор болж байна” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Шинжилгээг шүлсний болон цусны дээж, хацрын арчдасны аль нэгээр авах гэнэ. ОУОХ-ы ерөнхийлөгч Кирсти Ковентри “Бидний зарласан бодлого нь шинжлэх ухаанд суурилсан бөгөөд анагаах ухааны мэргэжилтнүүдийн удирдлага дор гарсан болно. Олимпын наадамд хамгийн бага ялгаа ч ялалт, ялагдлыг шийддэг. Тиймээс биологийн хувьд эрэгтэй тамирчид эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх нь шударга бус юм. Үүнээс гадна зарим спортын төрөлд энэ нь аюулгүй байдлын асуудал болж байна” гэж мэдэгджээ. 2024 оны Парисын Зуны олимпын наадмын үеэр эмэгтэй боксын тэмцээн нэлээд маргаантай болсон нь Алжирын Иман Хэлиф, Тайванийн Лин Юү Тин нарын хүйсийн асуудлаас үүдэлтэй байв. Тэд хүйсийн шалгалтад тэнцээгүй шалтгаанаар 2023 оны Олон Улсын Боксын Холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй байсан юм. Гэвч ОУОХ тэдэнд Парисын наадамд оролцох эрх олгож байжээ. Хоёр тамирчин хоёулаа энэ наадмаас алтан медаль зүүсэн юм. Одоогоор Лин Юү Тин 2028 оны Лос-Анжелесын Зуны Олимпын наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа. Хүйсийн шинжилгээг анх 1968 оны Олимпын наадамд нэвтрүүлсэн нь 1996 оны Атлантагийн наадам хүртэл үргэлжлээд шинжлэх ухааны салбарынхны шүүмжлэлийн улмаас цуцлагдаж байжээ. Эх сурвалж: AFP