TheMongoliaTime

Л.Эрдэнэсувд: Замын хөдөлгөөний ачаалал, осол, техникийн саатлаас шалтгаалан автобус хоорондын зай өөрчлөгддөг

2026-03-27 - 00:52

Нийслэл хотын нийтийн тээврийн автобусны чиглэл, цагийг хэрхэн зохицуулдаг талаар тайлбар өгөв. Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд "Нийтийн тээврийн автобусны чиглэлийн замнал, цагийн хуваарийг тухайн суурьшлын бүсийн иргэдийн зорчилт, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж төлөвлөдөг. Нийтийн тээврийн автобус өглөөний 05:30 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үйлчилгээнд явдаг бөгөөд тухайн замналын ашиглалтын хурдад үндэслэж чиглэлийн эргэлтийн хугацаа болон интервалыг тодорхойлдог юм. Гэвч замын хөдөлгөөний ачаалал, осол, техникийн саатлаас шалтгаалан автобус хоорондын зай өөрчлөгддөг. Тээвэр зохицуулагч нар 24 цагаар ажиллаж, хэрэв автобусанд техникийн саатал гарвал оронд нь өөр автобус гаргах, богино эргэлтээр явуулах зэргээр зохицуулдаг. Иргэдээс Ч:61 Офицеруудын ордон-Тэс 3, Ч:50 Улаанхуаран-Тэс 3 чиглэлийн автобус удаан хүлээлгэдэг тухай гомдол ирсэн. Өнөөдрийн байдлаар Ч:50 чиглэлд өдөрт 13 автобус 8 минутын зайтай, Ч:61 чиглэлд 11 автобус 9 минутын зайтай үйлчилгээнд явж байгаа бөгөөд өдөр тутмын дата мэдээлэлд үндэслэж шаардлагатай зохицуулалтыг хийж байна" хэмээн мэдээллээ. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна.

Share this post: