TheMongoliaTime

Оюутны ёкозүна асан Ваканофүжи Т.Бөхчулуун макүшита зиндаанд түрүүллээ

2026-03-20 - 06:13

Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээний түрүү бөхчүүд эхнээсээ тодорч эхэллээ. Макүшита зиндаанд оюутны ёкозүна асан Ваканофүжи Т.Бөхчулуун 7:0 амжилтаар түрүүлэв. Сүүлийн өдөр нэг унаатай байсан Арашифүжитэй учраа таарч, ялснаар түрүүлэх болзлоо хамгийн түрүүнд биелүүлэв. Касүгано дэвжээний бөх Т.Бөхчулуун 2024 онд Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд түрүүлснээр Гакүсэй ёкозүна буюу Оюутны ёкозүна болж байв. Энэ бол Японы сонирхогчдын сүмо бөхийн холбооноос зохион байгуулдаг Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдаанд түрүүлсэн бөхөд олгодог цол юм. Өнгөрсөн нэгдүгээр сараас мэргэжлийн сүмод элссэн Т.Бөхчулуун энэ амжилтынхаа ачаар доод гурван зиндааг алгасаж, макүшитагийн 60-аас барилдаж эхэлсэн. Ингээд анхны тэмцээндээ 6:1 үзүүлэлтээр зүүний 28 руу чансаа ахисан. Т.Бөхчулууны хувьд энэ жил 24 настай юм. Ийнхүү мэргэжлийн сүмод орсон гурав дахь тэмцээндээ цолтой бөх болох боломж бүрдэж байна. Эцсийн шийдвэрийг тэмцээний дараа сүмогийн холбооноос гаргана. Санданмэ зиндаанд түрүүлэх боломжтой байсан улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох сүүлийн өдөр Набатамэд өвдөг шороодсоноор 6:1 амжилтаар тэмцээнээ өндөрлүүлэв. Удамт бөх М.Буянтогтох 2025 оны есдүгээр сараас мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр анхны тэмцээндээ жонокүчи зиндаанд түрүүлж байсан юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд зургаа дараалан ялаад тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан боловч тэмцээний сүүлийн өдөр ковид туссан тул барилдаагүй юм. Өнгөрсөн нэгдүгээр сард жонокүчи зиндаанд түрүүлсэн Асахифүжи Б.Очирсайхан жонидан зиндааны барууны наймаас барилдаад 7:0 үзүүлэлтээр тэргүүлж байна. Ирэх Ням гарагт буюу тэмцээний 15 дахь өдөр нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулах юм.

Share this post: