TheMongoliaTime

"Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна"

2026-03-29 - 09:23

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчимд өнөөдөр ажиллажээ. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нийлүүлэгддэг хэсэг буюу Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарсан байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Туул гол Хэнтийн нуруунаас эх авч 882 км урсдаг. 2022-2024 онуудад голын 10 цэгт хэмжилт хийж судалж үзэхэд Сонгинын доод хэсгээс доош маш өндөр бохирдолтой гэж гарч байсан. 1964 онд Улаанбаатар хотод хоногт 160-180 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан. Харамсалтай нь энэ байгууламж өнөөг хүртэл шинэчлэгдээгүйгээс Туул гол ихээхэн бохирдолтой болсон. Мянганы сорилтын сангийн тусламжтай Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар ажиллаж байна. Тус байгууламж энэ жилийн тавдугаар сард ашиглалтад орно. Төв цэвэрлэх ашиглалтад орсны дараа Туул голоо аврах зорилготой цэвэрлэгээг үе шаттай хийнэ. Туул голоо аврах энэ ажлын хүрээнд найман чиглэлд ажил төлөвлөсөн. Түүнчлэн 1974 онд үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх зориулалттай ашиглалтад оруулж байсан “Харгиа” байгууламжийн хүчин чадал хүрэхгүй байгаа учраас Туул гол хүнд элементээр мөн бохирлогдож байна. Улаанбаатар хот энэ асуудлыг шийдэхээр Эмээлт эко аж үйлдвэрийн паркт Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа арьс ширний үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх ариутгах татуургын байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр ажлын зураг төслийг гүйцэтгэж, амжилттай хэрэгжиж байна. Туул голоо бохирдлоос салгаж, сэргээхээр энэ мэт олон төрлийн төсөл, арга хэмжээг Улаанбаатар хот хэрэгжүүлж байгаа. НИТХ-д Туул голоо аврах хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барихаар бэлдсэн” гэлээ. НБОГ-ын дарга Н.Мөнхбаяр “Туул гол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км буюу 7 дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Төв цэвэрлэх байгууламжаас Алтанбулаг хүртэл 21 км орчим 20-40 см зузаан лаг хуримтлагдсан. Үүнээс доошлоод Лүн сум хүртэл 5 см зузаан лаг хуримтлагдсан байдаг. Гаднын байгууллагын хийсэн судалгаагаар энэ бохирдлыг механик аргаар цэвэрлэх боломжтой гэж үзсэн. Усны газарт байгаа лаг соруулах зориулалттай Герман улсын тоног төхөөрөмжөөр цэвэрлэх боломжтой гэж үзээд ажиллаж байна” гэв. Усны инженер Ш.Баранчулуун “Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн ус болон тус байгууламжийн аваарын шугамын бохир ус голд нийлүүлэгдэж байна. Бид 2022 онд энд судалгаа хийхэд 40-50 см зузаан зунгаарсан бохир лаг бий гэж гарсан. Энэ хэсэгт жинхэнэ гамшиг болж байна. Түүнчлэн үүнээс дээшээ өмнө нь ухчхаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон хайрган карьерууд байдаг. Тэнд нөхцөл байдал бүр хүндэрсэн төдийгүй урсцад маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс голдирол тохируулгын ажил хийхээс гадна бохирыг цэвэрлэх шаардлага тулгарч байна. Бохир байгалийн аясаар цэвэршиж чадахгүй урссаар Лүнгийн гүүр хүрч байна. Сүүлийн үеийн судалгаагаар зарим үед бохирдол урссаар Орхон Туулын бэлчир хүрч байна гэж гарч байна” гэв. Монголын тандан судлаачдын холбооны тэргүүн Б.Эрдэнэ “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон 50 см-ээс 5 метр гүн цүнхээлүүдийг нөхөн сэргээгээгүй байдаг. Долоон жилийн өмнө хийсэн тооллогоор 100 гаруй ийм цүнхээл байсан. Туул голоо аврах ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, зөв газар, зөв дуу хоолой гаргах ёстой. Туул голоос усалж, ундаалдаг малын эрүүл мэндийг ярих хэцүү болсон. Хордсон усыг ууж байгаа малын махаа бид хүнсэндээ хэрэглэж, сүү саалийг нь ууж байгаа. Хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэхүйц байна” гэлээ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон булан” хэмээх энэ газар өмнө нь маш үзэсгэлэнтэй, цэвэрхэн, улс төрийн товчооныхон ирж амардаг амралтын газар байсан. Гэвч харамсалтай нь сүүлийн үед цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон учраас тухайн орчим их бохирдсон гэдгийг байгаль хамгаалагч Ц.Саруулбаяр хэлж байлаа.

Share this post: