Ж.Энхбаяр: Эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн эрсдэл үүсэж болзошгүй энэ үед хэрэглэх хуулийн төсөл өргөн барина
2026-03-24 - 08:24
Гадаад зах зээл, олон улсын нөхцөл байдал нь Монгол Улсын дотоодын зах зээлд хүчтэй нөлөөлж болзошгүй гэж Засгийн газар үзжээ. Иймд цар тахлын үед ашиглаж байсан шиг нэг удаагийн хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар болсныг өнөөдөр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр "Засгийн газартаа танилцуулаад маргааш УИХ-д тусгай хууль оруулна. Та бүхэн санаж байгаа байх, "КОВИД"-ын хууль гэж байсан. Уг хуулиар төсөв санхүү, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгө мөнгө шилжүүлэх, Засгийн газар хурдан шуурхай арга хэмжээ авах эрхээ УИХ-аас авсан. Үр дүнд нь хариу арга хэмжээ хурдтай хийгдэж, хамгийн хохирол багатайгаар даван туулсан. Харин одоо олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн хямрал, төсөв санхүүгийн эрсдэл үүсэж болзошгүй энэ үед хэрэглэх хуулийн төсөл өргөн барина. Үнэ өсөж, инфляцын нөлөө орсон үед энгийн горимоор явах нь цаг хугацаа алдах, эдийн засгийн аюулгүй байдалд томоохон хохирол учирна гэж үзэж байгаа тул бэлэн байдлаа хангана. Гэхдээ төсвийн зарцуулалтыг нэмэхгүйгээр төсвийн зохицуулалт хийнэ" гэлээ. Түүнчлэн түлш шатахууны үийн хэлбэлзлээс үүдэн бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх эрсдэлийг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм байна. Үргэлжлүүлэн Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр "Шатахуун, эм, хүнсний нөөцийг бэлдэнэ. Гурван сарын аливаа хүндрэл шокийг даван туулах чадавхтай байх ёстой. Шаардлагатай бол төсвийн бүх зардлыг эрэмбэлнэ. Хэрэгжиж эхлээгүй төслүүдээс зогсоох хүртэл арга хэмжээ авч, иргэдийн орлогыг хамгаална" гэв.