Латин Америкийн удирдагчдад Трамп хар тамхины картелуудыг АНУ-ын пуужингийн цохилтоор устгах санал тавив
2026-03-08 - 02:26
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Латин Америкийн удирдагчдад хар тамхины картелуудын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг уриалж, үүнийг нь пуужингийн цохилтоор дэмжихээ амлажээ. Түүний хоёр дахь засаг захиргаа дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст буюу Умард ба Өмнөд Америк тивүүдэд ашиг сонирхлоо хүчтэй хамгаалах, бэхжүүлэх байр суурь баримталж байгаа. Өчигдөр буюу Бямба гарагт Трамп бүс нутгийн 17 улсыг оролцуулсан “картелын эсрэг” эвсэл байгуулж байгаагаа зарласан юм. “Бид хийх ёстой зүйлээ хийхийн тулд та бүхэнтэй хамтарч байна. Бид пуужингаа ашиглах болно. Та нар манай пуужинг ашиглахыг хүсэж байна уу? Тэд маш өндөр нарийвчлалтай” гэж Майами хотын ойролцоох өөрийн эзэмшлийн Дорал гольф клубт Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын удирдагчдыг хүлээн авч уулзахдаа Трамп хэлжээ. Ингэхдээ тэр пуужингийн нисэх чимээг амаараа гарган “Пиу гээд л шууд зочны өрөөнд нэвтэрнэ. Энэ бол тэр картелын хүний төгсгөл байх болно. Би та бүхэнд хэрэгтэй бүгдийг хийнэ” гэж гайхуулан ярьсан байна. Өчигдрийн уулзалтад Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын ерөнхийлөгч Даниэл Нобоа, Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле зэрэг Трамптай ижил баруун жигүүрийн үзэл баримтлалтай улс төрчид оролцжээ. Трамп бүс нутагтаа АНУ-ын нөлөөг тогтоохын тулд зарим улсуудын сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцож, онцгой тохиолдолд хүч хэрэглэхээс буцахгүйгээ харуулсны нэг жишээ нь Венесуэл юм. Венесуэлийн зүүнтэн ерөнхийлөгч Николас Мадурог тэр энэ оны эхээр баривчилж, оронд нь АНУ-ын бодлогыг дэмждэг түр ерөнхийлөгч томилуулж, газрын тосны их нөөцийг нь хяналтдаа аваад байна. Үүний үр дүнд сүүлийн үед Латин Америк, Карибын тэнгисийн улс орнуудад барууны үзэлтэй удирдагчид, улс төрийн намууд урьд өмнө байгаагүйгээр давамгайлах хандлагатай болсон. Трамп хар тамхины картелуудын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг бүс нутгийн удирдагчдад уриалахдаа “Бид үүний тархалтыг зогсоох ёстой” хэмээн хорт хавдартай зүйрлэн ярьсан байна. “Эдгээр дайснуудыг дарах цорын ганц арга бол цэргийн хүч юм. Бид үүнийг ашиглах ёстой” гэж тэр хэлжээ. Энэ үеэр Трамп уг уулзалтад удирдагч нь уригдаагүй хөрш Куба улсыг дахин заналхийлсэн байна. “Би Кубыг зохицуулах болно. Тэдэнд мөнгө байхгүй, тэдэнд газрын тос байхгүй. Тэдэнд муу философи, урт хугацааны турш ялзарсан дэглэм л бий” гээд “Куба амьдралынхаа сүүлчийн мөчид байна” гэж хэлжээ. "Shield of Americas" нэртэй эвсэл байгуулах өчигдрийн уулзалтад Милей, Нобоа, Букеле нараас гадна Боливи, Коста Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Гайана, Хондурас, Панам, Парагвай, Тринидад ба Тобаго улсуудын удирдагчид, Чилийн ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Хосе Антонио Каст нар оролцсон байна. Харин улс төрийн зүүний үзэл баримтлалтай Мексик, Бразил улсуудын ерөнхийлөгч нар оролцоогүй юм. Бүс нутагтаа нөлөө бүхий эдгээр улсууд оролцоогүй тохиолдолд Трампын санаачилга үр дүнд хүрэх магадлал багатай гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал Мексик улс хар тамхины нийлүүлэлтийн сүлжээнд гол үүрэгтэй байдаг бол Бразилын боомтууд Европ тивийг чиглэсэн хар тамхины урсгалын чухал зам болдог. Эх сурвалж: AFP