TheMongoliaTime

Францын домогт шадар цэрэг Д’Артаньяны араг яс Нидерландын сүмээс олдсон байж болзошгүйг мэдээллээ

2026-03-26 - 02:03

Францын домогт шадар цэрэг Шарль де Бац де Кастелмор Д’Артаньяны араг яс Нидерландын Маастрихт хотын сүмийн тахилын ширээний дэргэдээс олдсон байж болзошгүйг тус сүмийн төлөөлөгчид болон археологичид өчигдөр мэдээлжээ. Хоёрдугаар сард Гэгээн Петр болон Паулын сүмийн шалыг засаж байсан ажилчид чулуун хавтангийн дороос хүний араг яс бүхий булш олсон юм. Үүний дараа булшны эзэн хэн болохыг тогтоох ажил эхэлжээ. “Энэ бол үнэхээр өндөр түвшний судалгаа бөгөөд бид үүнийг Маастрихтын дэргэд алагдсан шадар цэрэг мөн болохыг аль болох баттай тогтоохыг хүсэж байна” гэж археологич Вим Дикман ярьжээ. Өмнө нь уг сүмд Д’Артаньяныг оршуулсан гэж үздэг байсан юм. Одоо судлаачид булшнаас гарсан эрүүний ясны ДНХ-ийг үр удмынх нь биологийн дээжтэй харьцуулан шалгаж байгаа юм байна. Зохиомол Д’Артаньян нь 1844 онд Александр Дюмагийн хэвлүүлсэн “Шадар гурван цэрэг” романы дөрөв дэх шадар цэрэг болж дүрслэгддэг. Гэхдээ энэ нь түүхэн бодит хүн байжээ. Д’Артаньян зохиомол дүрийнхээ нэгэн адил Францын “Наран хаан” гэгддэг XIV Луй хаанд хүчин зүтгэж, түүний шадар цэргүүдийн ахлагч болж байсан юм. Тэрбээр 1673 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Франц-Холландын дайны үеэр Маастрихтийг бүслэхэд хоолойдоо металл бөмбөгөөр цохиулсны улмаас амиа алдсан гэдэг. Дээрх сүм тухайн үед Францын цэргүүдийн буудалласан газрын ойролцоо байжээ. Д’Артаньяныг тулаанд баатарлагаар амь үрэгдсэнд тооцож байсан ч зуны халуунд шарилыг нь Парист хүргэхэд хэцүү байсан тул тэнд оршуулсан юм байна. Булшнаас 1660 оны зоос, хар тугалган сумны хэсэг зэрэг олдсон нь таамгийг улам үнэмшилтэй болгож байгаа гэнэ. Түүхэн бичиг баримтад Д’Артаньяныг ариун газарт оршуулсан тухай бичсэн байдаг бөгөөд “Тахилын ширээнээс илүү ариун газар байхгүй” гэж судлаачдын нэг хэлж байна. Одоо ДНХ шинжилгээний хариу гарсны дараа уг булш Д’Артаньяных мөн болохыг эцэслэн батлах юм байна. Эх сурвалж: AFP

Share this post: