Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон түүнийг бууруулах талаар ирэх сард хэлэлцүүлэг зохион байгуулна
2026-03-19 - 00:53
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх гэж буй. Ингэхдээ 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг гүйцэтгэх юм байна. Уг төслийн нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулахад Дэлхийн банк буцалтгүй тусламж үзүүлжээ. ТЭЗҮ-ийн судалгаагаар төслийн байршилд 560 мянга орчим хүн ам үерийн эрсдэлд өртөх магадлалтай бөгөөд 1.2 их наяд төгрөгийн хэмжээний хохирол учрах эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ. Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчдийн санал болгосноор Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон түүнийг бууруулах арга хэмжээний талаарх семинарыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах аж. Түүнчлэн талууд “Тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, сонгогдсон гудамж замуудын одоо байгаа сүлжээг засварлан, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн системийг бий болгохоор төлөвлөжээ. Дэлхийн банкны зүгээс уг төслийн гэрээлэлтийн үйл явцыг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг онцолсон байна. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс