Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн Дээд зиндааг ганцаараа тэргүүлж байна
2026-03-19 - 09:43
Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээний 12 дахь өдөр өндөрлөлөө. Энэ өдрийн оргил барилдаан нь ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, секивакэ Киришима Б.Лхагвасүрэнгийн хооронд өрнөв. Тэмцээний хоёр дахь өдөр Чүраноүмид ялагдсанаас өөрөөр унаагүй яваа Б.Лхагвасүрэн энэ удаад С.Бямбасүрэнг ялснаар 11 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Дээд зиндаанд хоёр ч удаа түрүүлж, озеки цол хүртэж явсан Б.Лхагвасүрэн сүүлийн хоёр тэмцээнд дараалан 11:4 амжилт үзүүлсэн юм. Сүмогийн дүрэмд озеки цол хүртэхийн тулд санякү буюу цолтой бөхөөс хамгийн багадаа 33 давах эсвэл хоёр тэмцээн дараалж түрүүлэх өрсөлдөөнд байсан бөхөд өгдөг. Б.Лхагвасүрэнгийн хувьд маэгаширагийн зүүний хоёрт эрэмбэтэй байхдаа 11 давсан. Гэхдээ зарим тохиолдолд холбоо цол ахих болзлоо зөөлрүүлдэг тал бий. Үүнд барилдааны чанар нөлөөлдөг билээ. Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд өнөөдөр ялагдсанаар есөн даваа, гурван унаатай болов. Үлдсэн гурван барилдаанд ялагдалгүй барилдвал Эзэн хааны цомын төлөө үзэх боломж бий. Б.Лхагвасүрэнгийн араас 10 даваа, хоёр унаатай Котошохо нэхэж буй. Маргааш тэр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй хүч үзнэ. Ёкозүна цолын болзол сонсоод байсан озеки Аонишики Дайешод ялагдсанаар таван даваа, долоон унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Түүний хувьд тэмцээний сүүлийн гурван өдөр ижил цолтой Котозакүра, секивакэ Киришима Б.Лхагвасүрэн, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн нартай учраа таарна. Нэг унахад л 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болж дараагийн тэмцээнийг кадобан озекигоор барилдах юм. Сануулгатай барилдсан тэмцээндээ найм давахгүй бол цолоо алдах эрсдэл бий.