Ираны дэглэм “бүрэн бүтэн” байгаа ч “нэлээд суларсан” гэж АНУ-ын тагнуулын алба мэдэгдэв
2026-03-19 - 01:03
Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын Үндэсний Тагнуулын Газрын дарга Тулси Габбард болон Трампын засаг захиргааны бусад өндөр албан тушаалтнууд Ойрх Дорнодод өрнөж буй дайны талаар анх удаа Конгрессын гишүүдэд хоёр цаг гаруй хугацаанд мэдээлэл өгсөн байна. АНУ-ын бүх тагнуулын үйл ажиллагааг нэгтгэн хянадаг Габбард энэ үеэр “Ираны дэглэм гаднаасаа бүрэн бүтэн мэт харагдаж байгаа ч удирдлага, цэргийн чадавхад нь халдсаны дараа нэлээд суларсан гэж манай тагнуулын байгууллагууд үзэж байна” гэж мэдэгджээ. Түүнтэй хамт Тагнуулын Төв Газар (CIA), Холбооны Мөрдөх Товчоо (FBI), Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг, Батлан Хамгаалах Тагнуулын Агентлагийн удирдлагууд сонсголд оролцсон юм. Энэ үеэр Ардчилсан Намын сенатор Жон Оссофф тэднээс Иран улс АНУ-ын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа эсэхийг асуухад хариулахаас татгалзсан байна. “Шууд аюул занал мөн эсэхийг тодорхой хэлж чадах цорын ганц хүн бол ерөнхийлөгч” гэж Габбард түүний асуултад хариулжээ. Тэр бас АНУ эхнээсээ Ормузын хоолой хаагдах эрсдэлийг тооцож байсныг баталсан байна. Уг сонсголын өмнөх өдөр АНУ-ын Терроризмын Эсрэг Төвийн захирал Жозеф Кент энэхүү дайныг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд албан тушаалаасаа огцорсон билээ. Тэрбээр Иран улсыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлээгүй гэж үзэж байгаагаа огцрох өргөдөлдөө дурдсан байв. CIA-ийн захирал Жон Рэтклиф энэ тал дээр Кенттэй санал нийлэхгүй байгаагаа сонсголын үеэр илэрхийлсэн юм. “Иран улс удаан хугацааны турш АНУ-д тогтмол аюул занал учруулж байсан бөгөөд харин одоо шууд заналхийлж байгаа гэж би үзэж байна” гэж тэр хэлжээ. 2025 оны зургаадугаар сард АНУ, Израилийн явуулсан 12 өдрийн агаарын довтолгооны дараа Ираны цөмийн хөтөлбөрт ноцтой хохирол учирсныг Габбард хэлсэн байна. Гэвч Ираны дэглэм хөтөлбөрөө сэргээхийг оролдож, цөмийн зэвсэг бүтээхгүй байх амлалт өгөхөөс татгалзаж байсан нь дайн эхлүүлэх шалтгаан болсон гэнэ. Конгрессын гишүүд энэ үеэр Трампыг дайн дэгдээх шийдвэр гаргахад тагнуулын албаныхан ямар нөлөө үзүүлснийг асууж байлаа. Тухайлбал Мэйн мужаас бие дааж сонгогдсон сенатор Ангус Кинг ерөнхийлөгчийг эцсийн шийдвэрээ гаргаж байх үед хэн хэн хамт байсныг асуужээ. Ерөнхийлөгчтэй маш олон уулзаж, хуралдаж байсан ч яг аль цаг мөчид эцсийн шийдвэр гарсныг мэдээгүйгээ Рэтклиф тайлбарласан байна. Кинг бас Ормузын хоолойд Иран улс довтлох эрсдэлийн талаар тагнуулынхан ерөнхийлөгчид анхааруулсан эсэхийг асуужээ. “Ерөнхийлөгч тагнуулын мэдээлэлтэй байнга танилцаж байсан. Пентагон бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхолд Ираны талаас халдах бүх хувилбарыг тооцоолж, хариу арга хэмжээнд бэлдсэн байсан” гэж Рэтклиф хариулсан бол Габбард “Ираны тал Ормузын хоолойг хаах магадлалыг бид эртнээс тооцоолж байсан. Энэ мэдээлэлд үндэслэн АНУ-ын батлан хамгаалах яам урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж ажилласан” гэж тайлбарлажээ. Эх сурвалж: BBC