Ард түмний бөх Энхо дахин цолтой сүмоч болов
2026-03-25 - 02:34
Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн өндөрлөсний дараа холбооны банцүкэгийн зөвлөл өнөөдөр хуралдсан юм. Дээрээсээ хоёрдугаарт эрэмбэтэй жюүрёо зиндаанд шинээр дэвших бөхчүүдийн нэрийг зарлав. Энэ сарын тэмцээнд тааруу барилдсан дөрвөн бөх доошоо унасан. Тодруулбал нэг ч даваагүй Цүрүгишо, хоёр ялалт байгуулсан Шимазүүми, 50 хувийн амжилтаа үзүүлээгүй Фүжитэнсэй, Котокүзан нар макүшита зиндаа руу буув. Окарюү анх удаа цолтой бөх боллоо. Мөн өмнө нь цолтой бөх байсан Энхо, Точитайкай, Хакүёозан нар эргэн ирлээ. Мэргэжлийн сүмод барилдаж буй бөхчүүдээс биеэр жижигт тооцогдох Энхо буюу Накамүра Юүяа цагтаа дээд зиндаанд зодоглож явсан эр. Ердөө 167 см өндөр, 100 кг жинтэй Энхо Хакүхогийн удирдаж байсан Миягино дэвжээний бөх байв. Өдгөө 31 настай Энхо ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн дэвжээнд бэлтгэлээ базааж буй. Хуучин дэвжээгээ сэргээх зорилготой гэдгээ нуудаггүй тэр 2019 онд дээд зиндааны бөх болж байжээ. Харамсалтай нь гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжсөнөөр цолтой бөхөөс жонакүчи зиндаа руу уруудсан. 2024 оны долдугаар сарын тэмцээнээс хойш дээшээ зүтгэсээр сая нэг зорилгодоо хүрлээ. Тавдугаар сарын тэмцээний шинэчлэгдсэн чансаа буюу банцүкэг энэ сарын 27-нд зарлахаар төлөвлөсөн байна.