TheMongoliaTime

"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"

2026-03-20 - 03:34

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр нэгүүн.мн сайтын оффист нэгжлэг хийж буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, тайлбар мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн албаны дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д-ээс нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний хувийн эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж заналхийлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Уг гомдлыг бүртгэж аваад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан нотлох баримтаар нэгүүн.мн сайтын сэтгүүлч нь иргэн Д-ийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээн хэмээн сүрдүүлж 50 сая төгрөг өгөхийг шаардсаны улмаас иргэн Д нь 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийг нэгүүн.мн сайтын сэтгүүлчид өгсөн нь тогтоогдсон. Мөн хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэгийг энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нэр бүхий цахим сайтын сэтгүүлч өөрт үзүүлээд 50 сая төгрөг өгөхийг шаардсан. Дараа нь энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс нэгүүн.мн сайтын сэтгүүлч миний нэр хүндэд халдах мэдээллийг удаа дараа нийтэлж байна, заналхийлж бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэдэг гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдлын дагуу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн талаарх хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлсэн. Мөн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсний үр дүнд иргэн Ж нь 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б-д өгсөн болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Ж-ээс мөнгө авсны дараа буюу гуравдугаар сарын 4-ний өдрөөс хойш сайтдаа нийтэлсэн мэдээллүүдээ устгасан. Энэ нь эрүүгийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг агуулж байгаа нь нотлогдож байна. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг энэ сайтын сэтгүүлчид гаргасан гэж үзэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гуравдугаар сарын 19-ний өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн сайтын оффист нэгжлэг хийх, нэр бүхий сэтгүүлчдээс мэдүүлэг авах ажиллагааг зохион байгуулсан. Нэгүүн.мн сайтын зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой мэдээлэлд эрүүгийн цагдаагийн албанаас хууль бус шалгалтын ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг цахим орчинд цацсан. Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэхэд нэгүүн.мн сайтад нийтлэгдсэн өрөөндөө бие засаж байгаа төрийн албан тушаалтны асуудал нь дээрх хэрэгт холбоо хамааралгүй. Хууль зөрчиж өрөөндөө архидан согтуурч буй явдлыг сурвалжилсан үйлдэлд бид талархалтай хандаж байна. Уг асуудалд сэтгүүлчийн өгсөн гомдол мэдээллийг хүлээж аваад тухайн үед цагдаагийн байгууллагаас согтуурсан этгээдүүдийг эрүүлжүүлж, маргааш нь зөрчлийг шалгаж хариуцлага ногдуулсан. Дээр дурдсан асуудал өчигдрийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Бид өчигдөр прокурорын албан ёсны зөвшөөрлийг оффис дээр нь очиж танилцуулсан. Цахим орчинд явж буй бичлэгүүдээс харахад мэдээгүй гэдэг асуудал ярьсан. Нэгжлэгийн зөвшөөрлийг өөрт нь үзүүлсэн. Нэгжлэгийн явцад миний биеийн байдал муудлаа гэдэг ярьсан. Үүнд цагдаагийн байгууллагын албан хаагчид хүнлэг хандаж 103 дуудаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай учраас хоёрдугаар төрөх эмнэлэгт авч очсон. Энэ бүх ажиллагаа тасралтгүй хяналтын камерын бичлэгтэй явсан" гэв.

Share this post: