TheMongoliaTime

Б.Оюундарь: Хөвгүүд ээ, уйлсан ч зүгээр дээ

2026-03-18 - 05:52

"Because I am a boy" 1,000 хөвгүүдийн чуулган Соёлын төв өргөөнд өнөөдөр болж байна. Энэхүү чуулганыг Монголын сайн дурынхны төв төрийн бус байгууллагын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн ахлах анги болон дээд боловсролын түвшинд хөвгүүдийн эзлэх хувь охидоос 20-30 хувиар бага байна. Үүний зэрэгцээ "Эрэгтэй хүүхэд уйлж болохгүй" хүнд хүчрийг тэдэнд дайх гэх мэт нийгмийн хүлээлтээс үүдэж хөвгүүд сэтгэл зүйн асуудлаа нээхгүй чимээгүй шаналах үзэгдэл давамгайлж байгаа асуудлыг оролцогчид хэлж байлаа. Монголын сайн дурынхны төвийн зохицуулагч Б.Оюундарь "Өөрсдийн сэтгэл зүйг илэрхийлэх чадвар эрэгтэй хүүхдүүдэд сул, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дургүй байх хандлага ажиглагддаг. Уйлбал охин шиг гомдоллоо, үзэл бодлоо илэрхийлбэл охин шиг шалчигнасан гэдэг. Өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд сэтгэлээ, мэдрэмжээ илэрхийлж байгаарай. Хөвгүүд ээ, санаа зоволтгүй уйлсан ч зүгээр дээ" гэв. "Хөвгүүдийг өөрөө учраа олчих байх гээд орхидог" Сэн Лизэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Лувсандорж "Эцэг эхчүүд багаас нь охидоо бөөцийлөх хандлага их. Харин хөвгүүдийг өөрөө учраа олчих байх гээд орхичихдог. Нөгөө талаар эр хүн тэгж, ингэж болохгүй гэсэн хатуу шаардлагыг нийгмээс тавьдаг. Улмаар аливаа асуудал тулгарах үед тухайн асуудлыг дотроо хадгалсаар стресстэх, цаашилбал стресс нь хуримтлагдаж өвчин болох эрсдэлтэй. Эр хүн гэхээрээ уйлж, инээж, илүү үг ярьж болохгүйдээ биш. Бид бусадтайгаа л адилхан хүн. Тиймээс уйлах үедээ уйлж, ярих үедээ ярьдаг байгаасай. Ялангуяа эрэгтэй хүмүүст илүү их хариуцлага яригддаг юм шиг санагддаг. Эр хүн юм чинь өрх гэрээ авч явалгүй яах вэ. Гэхдээ тэр гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн авч явах ёстой байтал яагаад ганцхан эр хүн заавал тэгж, ингэх ёстой гэж яриад байдаг юм бэ. Мэдээж хариуцлагатай байх ёстой. Эрэгтэй хүн бүхнийг бие дааж хариуцах биш, хамтдаа гэр бүлээрээ хариуцлагыг хамт үүрдэг байгаасай" гэж байр сууриа хэллээ.

Share this post: