TheMongoliaTime

Тегеранаас бууж өгөхийг Трамп шаардаж, Израилийн онгоцнууд Ираны удирдагчдын газар доорх бункерийг устгав

2026-03-07 - 01:47

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “ямар нэг нөхцөлгүйгээр бууж өгөх”-ийг Тегераны эрх баригчдаас шаарджээ. Өчигдөр бас Израилийн байлдааны нисэх онгоцнууд Али Хамени агсны алагдсан байгууламжийн газар доорх бункерийг бүрэн устгаснаа зарласан байна. Трампын мэдэгдлийн өмнөхөн Ираны ерөнхийлөгч зарим улс орнууд дайтагч талуудын хооронд зуучлах хүчин чармайлт гаргаж эхэлснийг мэдээлсэн юм. Энэ нь долоо хоног үргэлжилж буй дайныг дипломат арга замаар зогсоох оролдлого гарч эхэлсний анхны шинж тэмдэг байлаа. “Иран улс нөхцөл тавилгүйгээр бууж өгөхөөс өөр ямар ч тохиролцоо байхгүй. Үүний дараа, мөн хүлээн зөвшөөрөгдөх аугаа удирдагчийг сонгосны дараа бид болон манай олон гайхамшигтай, баатарлаг холбоотнууд, түншүүд Ираныг сүйрлийн ирмэгээс буцааж, эдийн засгийг нь илүү том, илүү сайн, хүчирхэг болгохын төлөө цуцалтгүй ажиллах болно” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ. Пүрэв гарагт хэвлэлд ярихдаа тэр Ираны дараагийн удирдагчийг сонгоход оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Өчигдөр Израилийн зэвсэгт хүчин хөрш Ливаны нутаг болон Ираны нийслэлд зэрэг агаарын довтолгоо явуулсан байна. Тухайлбал Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүргийн оршин суугчдад орон гэрээсээ дүрвэх урьдчилсан анхааруулга өгсний дараа агаарын довтолгоо явуулжээ. Бас Али Хамени агсны алагдсан Тегеран дахь барилгын доор оршдог бункерийг устгах ажиллагаанд 50 ширхэг байлдааны онгоц ашигласнаа Израилийн эрх баригчид зарласан байна. Газар доорх уг байгууламжийг Ираны бусад удирдагчид Хаменийг алагдсаны дараа ашигласаар байсныг Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Эффи Дефрин мэдээлжээ. Үүнийг Исламын хатуу чиг шугам баримтлагч Ираны удирдагчдад том цохилт болсныг баталсан Дефрин “Тэд үүнийг устгах боломжгүй, аюулгүй газар гэж бодож байсан. Гэвч буруу бодож байжээ” гэж хэлсэн юм. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Зарим улс орнууд зуучлах хүчин чармайлт гаргаж эхэлсэн. Нэг зүйлийг тодорхой хэлье. Бид бүс нутагт урт удаан хугацааны энх тайван тогтоохыг зорьж байгаа ч нөгөө талаар улс орныхоо нэр төр, эрх мэдлийг хамгаалахад огтхон ч эргэлзэхгүй” гэж сошиал хуудсандаа бичжээ. Ингэхдээ тэр ямар улс орнууд зуучлах санаачилга гаргасныг дурдаагүй байна. Дайны долоо дахь өдөр Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар, Бахрейн, Саудын Араб зэрэг бүс нутгийн улсууд Ираны нисгэгчгүй онгоц, пуужингийн довтолгоонд өртсөнөө мэдээлсээр байв. Израилийн зэвсэгт хүчнийхэн ажиллагааны эхний долоо хоногт Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийн 80 хувийг, пуужин харвах системийн 60 гаруй хувийг идэвхгүй болгосноо мэдээлжээ. Эх сурвалж: Associated Press

Share this post: