Европчуудыг бүдүүлэг үгээр доромжилсон нь Беларусийн ерөнхийлөгчтэй ойлголцоход тус болсон тухай Трампын элч ярьжээ
2026-03-26 - 02:53
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэрхэн ойлголцож, итгэлийг нь олж авч чадсанаа саяхан болсон нэг арга хэмжээний үеэр дурсжээ. Улс төрийн хоригдлуудыг суллуулахын төлөө ажилладаг Маккэйний Хүрээлэнд энэ сард болсон уулзалтад Беларусийг хариуцсан АНУ-ын тусгай элч Жон Коул оролцсон байна. 1979 оны Ираны хямралын үеэр барьцаалагдсан Америкчуудыг аврахад оролцож байсан хуульч мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Беларусийг хариуцсан Трампын тусгай элчээр томилогдож байжээ. Анх энэ албан тушаалд томилогдохдоо Беларусь улс хаана байдгийг ч мэддэггүй байснаа Коул хүлээсэн байна. Тэрбээр Лукашенкотой хийсэн анхны уулзалтынхаа талаар дурссан юм. Уулзалт эхлээд 30-45 минут болсны дараа Беларусийн ерөнхийлөгч Европын удирдагчдын талаар гомдоллож эхэлсэн гэнэ. Энэ үеэр Коул түүний амыг дагуулан Европчуудыг зохисгүй бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон нь Лукашенкод таалагдаж, тохиролцоонд хүрэхэд чухал түлхэц болж байжээ. “Энэ бол бүдүүлэг хэллэг бөгөөд би үүнийг хэлсэндээ харамсаж байна. Гэхдээ би түүнд ‘Тийм ээ, тэд бол puss**s’ гэж хэлсэн” гэж Коул дурссан байна. “Puss**s” нь эмэгтэй хүний бэлэг эрхтнийг илэрхийлдэг доромж утгатай үг юм. “Түүнээс хойш тэр миний гарт орсон. Тэр ийм бохир ярианд дуртай хүн тул шууд ойлголцож эхэлсэн” гэж тэр цааш нь ярьжээ. Беларусийн ерөнхийлөгчийг Коул нэлээд яриа хөөрөөтэй хүн гэж тодорхойлсон байна. Тэдний анхны уулзалт Беларусь улсад хоригдож байгаа АНУ-ын иргэдийг суллуулах зорилготой байжээ. Уулзалт амжилттай болж, хоёр цаг сунжирсан үдийн зоогоор үргэлжилж байсан гэнэ. Энэ үеэр Коул согтохгүйн тулд өгсөн архийг нь нууцаар шалан дээр асгаж байжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хориг арга хэмжээг хөнгөлөх нөхцөлийн хариуд Лукашенко шоронгоос улс төрийн 250 хоригдлыг суллах шийдвэр гаргасан юм. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон түүний хувьд АНУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн болгоомжтой алхам байлаа. Үүний хариуд Трампын засаг захиргаа Беларусийн төрийн өмчит хоёр банк, сангийн яам болон тус улсын калийн томоохон үйлдвэрлэгчийг хориг арга хэмжээнээс чөлөөлсөн байна. Одоо Беларусийн шоронд олон зуун улс төрийн хоригдол байгаа ба тэдгээрийн ихэнх нь 2020 оны маргаантай сонгуулийн дараа баривчлагдсан тэмцэгчид юм. Эх сурвалж: McCain Institute