TheMongoliaTime

Оросын шоронгийн хоригдлуудын тоо түүхэн доод түвшиндээ хүрчээ

2026-03-05 - 02:36

Оросын шоронгийн хоригдлуудын тоо түүхэн доод түвшиндээ хүрснийг тус улсын Дээд Шүүхийн шинээр томилогдсон тэргүүн дэд шүүгч Лхагва гарагт мэдээлжээ. Владимир Давыдовын өгсөн мэдээллээр бол яг одоо Оросын шоронгуудад нийт 308,000 орчим хүн хоригдож байгаа нь 2001 оны 1.06 саятай харьцуулахад даруй 70 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүнээс гадна урьдчилан саатуулах төвүүдэд 89,000 хүн хоригдож байгаа нь мөн түүхэндээ байгаагүй бага үзүүлэлт болжээ. Давыдов дээрх үзүүлэлтүүдийг ерөнхийлөгч Владимир Путиний засаглалын жилүүдэд Оросын хууль сахиулах албаны үйл ажиллагаа “хүмүүнлэг” болсны илрэл гэж тайлбарласан байна. Харин 2022 онд эхэлсэн Украины дайнд эрх баригчид хоригдлуудыг их хэмжээгээр дайчилсан талаар огт дурдаагүй юм. Дайны эхний саруудад Вагнер хувийн армийн удирдлага Оросын шоронгуудаас хоригдлуудыг элсүүлэх тактик анх нэвтрүүлж байв. Сүүлдээ үүнийг ОХУ-ын батлан хамгаалах яам өөрөө гүйцэтгэх болж, сайн дурын цэргийн албаар үйлдсэн гэмт хэргийн ялыг нь наймаалцдаг болсон. Гэхдээ тус яам хэдэн хоригдол Украинд тулалдах гэрээ байгуулсан талаар тоо баримтыг нууцалдаг. Украины тагнуулын алба өмнө нь 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар Оросын шоронгуудаас 140,000-180,000 хоригдол дайнд явсан гэх баримжаа тоог мэдээлж байжээ. Лхагва гарагт Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар Давыдовыг ерөнхий шүүгч Игорь Красновын нэгдүгээр орлогчоор томилсон юм. Эх сурвалж: The Moscow Times

Share this post: