TheMongoliaTime

Оскарын шагнал хүртсэн Шон Пэнн ёслолын арга хэмжээнд оролцохын оронд Зеленскийтэй уулзахаар Киевийг зорьжээ

2026-03-17 - 00:56

Ням гарагт болсон Академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг “One Battle After Another” кинонд бүтээсэн дүрээрээ Шон Пэнн хүртсэн билээ. Гэхдээ тэр уг ёслолын арга хэмжээнд оролцоогүй, шагнал авахаар тайзнаа гараагүй юм. Харин Даваа гарагт тэр Киев хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан байна. Өчигдөр өглөө эрт түүнийг Киев хотын төвд хар өнгийн автомашинаас бууж байхыг харснаа эх сурвалжууд мэдээлжээ. Шон Пэнн бол Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайтаж буй Украин улсын идэвхтэй дэмжигч бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа тус улсад айлчилж байв. Ням гарагт тэр жүжигчнийхээ хувиар гурав дахь Оскарын шагналаа хүртсэн юм. “Тэр Украинд байгаа. Гэхдээ энэ бол түүний хувийн айлчлал. Тэр өөрийгөө Украинд байх хэрэгтэй гэж үзсэн. Тэр зүгээр л Украиныг дэмжихийг хүсэж байна” гэж Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ. Пэнн өмнө нь 2023 онд Зеленскийн тухай баримтат киног хамтран найруулж байсан юм. Зеленский өчигдөр сошиал хуудсандаа түүнтэй уулзаж байгааг харуулсан зургаа нийтлээд “Шон. Таны ачаар бид Украины жинхэнэ найз нөхөр ямар байдгийг мэддэг болсон” гэж бичжээ. Тэрбээр цааш нь “Та бүрэн хэмжээний дайны эхний өдрөөс Украиныг дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч хэвээр” гэж үргэлжлүүлсэн байна. Хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зеленский хамгийн сүүлд үзсэн кинонуудынхаа тоонд “One Battle After Another” киног нэрлэж, таалагдсанаа илэрхийлж байв. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Пэнн энэ удаа Украины дорнод фронтод зочлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2025 оны Каннын кино наадмын үеэр Пэнн болон U2 рок хамтлагийн ахлагч Боно нар Украиныг дэмжиж байгаагаа харуулахын тулд улаан хивсэн дээр Украины цэргүүдтэй хамт зургаа авхуулахыг урлагийнханд уриалж байсан юм. Эх сурвалж: AFP

Share this post: