Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо эрчим хүчний салбарын ажил хаялтад нэгдэнэ
2026-03-20 - 05:33
Эрчим хүчний салбарт ажил хаях нөхцөл бүрдсэнийг өчигдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдэгдсэн. Өнөөдөр мөн Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн "Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс нь хийж буй хөдөлмөр, хүнд нөхцөлдөө үнэхээр хангалтгүй байна. Өнөөдөр уг салбарынхан хүний нөөцийн хөгжил, боломж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ярих ч хэрэггүй нөхцөлд ажиллаж байна. Техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт улсын хэмжээнд хаягдсан. Бид 2026-2027 оны хэлэлцээрийг 2025 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн. Таван удаагийн уулзалтын дараагаар хэлэлцээрт зарим нэг асуудлаар тохиролцоонд хүрээгүй. Иймд сонирхлын маргаан үүсгэж, хуулийн хугацаанд үргэлжлээд шийдэлд хүрээгүй тул ажил хаях нөхцөл үүссэн. Уг ажил хаялтад Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. "ДЦС IV"-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Ган-Эрдэнэ "ДЦС IV нь төвийн бүсийн эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Станцад доголдол гарснаар энэ өвөл нийслэлээрээ тогны хязгаарлалтад орж, ямар хүндрэл үүсэж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Өвлийн ид ачааллын үед зуух зогсоход 60-70 градусын халуунд шууд орж ажилласан. Цэнхэр каскаа хайлтал халуун нөхцөлд ажиллаж, гэмтлийг устгадаг. Иймд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялтад нэгдэнэ гэдгээ мэдэгдэж байна. Ажилтнууд ч цалин хөлсөө нэмүүлэхийг шаардаж байгаа" гэв.