TheMongoliaTime

Үнэгэн малгайнаас эхлээд үүргэвч цүнхийг ч төвөггүй урладаг үйлэнд уран ЭЭЖҮҮД

2026-02-09 - 02:48

Үнэгэн малгайнаас эхлээд үүргэвч цүнхийг ч төвөггүй урладаг үйлэнд уран ЭЭЖҮҮД Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Ikon.mn мэдээллийн сайт ЦУВРАЛ сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна. Энэ удаад үйлэнд УРАН ЭЭЖҮҮД-ийг онцлон танилцуулъя. Казах эхнэрүүд оёж хатгахдаа хэнийг ч гаргаахгүй ур дүйтэй, голцуу хээ хуараар чимэглэсэн хувцас өмсдөг нь эмэгтэйчүүдийн уран чадварыг батлан харуулах илэрхийлэл, өв соёлоо сурталчлан таниулах тэмдэг болдог аж. Тиймдээ ч бэрийн уран шаглааг өмсгөл зүүсгэл, эдлэл хэрэглэлээс нь төвөггүй мэдэж болохоор. Толгойгоо алчуураар ороож, биеийнхээ бусад хэсгийг далдалсан битүү хувцас өмсдөг ёсыг казах бүсгүйчүүд баримтална. Энэ нь исламын шашны дэг жаягаас гадна цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэгтэй холбоотой аж. Хоол унд бэлдэхэд хүний аяганд бохир орохоос болгоомжилж үсээ боож алчуур зүүнэ. Казах уламжлалд эмэгтэй хүний үсийг даруу зан, ариун чанар, ёс жаяг гэсэн утгатай холбож үздэг учраас ил задгай байлгахыг зохимжгүйд тооцож иржээ. Иймд үсээ задгай тавьдаггүй. /Гэрэл зургийг хажуу тийш гүйлгэж харна уу/ Тэд охиноо айлд бэр оруулахдаа ЭЭЖИЙН НҮД хэмээн бэлгэдэж хоймрын аравч урлаж бэлэглэдэг. Айлын эхнэр болж өрх тусгаарласан ч "ээж нь чамтай хамт" хэмээх утгыг илтгэж, өөрийн гараар аравч оёж охиндоо өгдөг уламжлалтай аж. Харин айлын эхнэр болсон охин ээжийнхээ адил үйлэнд уран нэгэн болохоор шамдана. Яг л энэ жишгээр шамдан суралцаж, амьдралынхаа 40-50 жилийг оёж хатгах үйлд зориулж яваа онцгой хоёр зочныг танилцуулж байна. 42 жил оёдолчноор ажиллаж буй Ж.Бахытгүлийн ажил амьдралын түүхийг өгүүлье.

Share this post: