Ормузын хоолойг нээлттэй байлгахын тулд байлдааны хөлгүүдээ илгээхийг Трамп дэлхийн улс орнуудад уриаллаа
2026-03-15 - 03:06
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг нээлттэй байлгахын тулд байлдааны хөлөг онгоцнуудаа Персийн буланд илгээхийг эрх ашиг нь хөндөгдсөн улс орнуудад уриалжээ. Ираны эрх баригчид АНУ, Израилийн өдөөсөн дайны хариуд уг хоолойгоор дамжих газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг устгахаар сүрдүүлж байгаа нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ханшийг огцом өсөхөд хүргэсэн юм. “Энэхүү зохиомол хязгаарлалтад өртсөн Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британи болон бусад улс орнууд тус бүс нутагт хөлөг онгоцоо илгээж, Ормузын хоолойг толгойгоо алдсан улсын аюул заналын бай болгохыг зогсооно гэдэгт найдаж байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ. АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цэргийн чадавхыг “100 хувь устгасан” болохыг тэр энэ үеэр баталсан байна. “Гэхдээ тэд хэчнээн ялагдсан ч энэ усан замын дагуу ганц хоёр дрон нисгэх, мина тавих, ойрын тусгалын пуужин харвах зэргээр аюул учруулж чадаж байна” гэж Трамп тайлбарлажээ. Тэрбээр цааш нь “Энэ хооронд АНУ эргийн шугамыг бөмбөгдөж, Ираны хөлөг онгоцнуудыг тасралтгүй устгасаар байх болно. Аль ч аргаар бид удахгүй Ормузын хоолойг нээлттэй, аюулгүй, чөлөөтэй болгоно!” гэж бичсэн байна. Олон улсын тэнгисийн хүчин өмнө нь Сомалийн далайн дээрэмчдээс ачаа тээврийн хөлгүүдээ хамгаалах зорилгоор Адены буланд үйл ажиллагаа явуулж байсан. Трампын хувьд үүнтэй адил арга хэмжээ авахыг уриалж буй бололтой. Ормузын хоолойн ачаа тээврийн тасалдал Ойрх Дорнодын газрын тосны импортоос эдийн засаг нь ихээхэн хамааралтай орнууд, ялангуяа Ази тивийн орнуудад хүндээр тусаж байгаа. Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израил улсууд Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн нь тус улсын пуужингийн зэвсэглэлийн чадавхыг устгах, Тегераны дэмжлэгтэй бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг сулруулах, цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх зорилготой байлаа. Уг ажиллагаа хэр удаан үргэлжлэх нь одоо болтол тодорхойгүй байна. Эх сурвалж: AFP