Соёлын төв өргөөний үүдний хэсгийг засварлажээ
2026-02-13 - 06:19
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хэсэгчлэн засварлажээ. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифт болон гадна фасад, довжоог засварлаж, хаягийг шинэчилсэн байна. Засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Би Ти Би” ХХК гүйцэтгэжээ. Соёлын төв өргөөний хөрсний ус зайлуулах, барилгын их засвар, тоног төхөөрөмжийн ажилд нийт 7.2 тэрбум төгрөгийг зарцуулахаас энэ онд 3.6 тэрбумыг төсөвлөсөн байгаа юм. Уг барилгыг нурааж, 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг нийслэлийн Засаг даргын хуралд танилцуулах тухай асуудал өнгөрсөн сард нийслэлийн албан ёсны сайтад нийтлэгдсэн ч мэдээллээ устгаж, нийслэлийн удирдлагууд үгүйсгэсэн явдал болсон билээ.