TheMongoliaTime

Л.Мөнхтүшиг: Бид АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Шат дараатай арга хэмжээ авна

2026-03-25 - 04:44

АНУ руу жуулчлах болон бизнесийн зорилгоор виз хүсэх Монгол иргэд тус улс руу жуулчлах хүсэлтэй Монгол иргэд 10 мянган ам.доллар дансандаа байршуулах шаардлагатай болоод байгаа. Энэ асуудалд манай улсын Гадаад харилцааны яам ямар арга хэмжээ авч байгаа талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээс хариулт авлаа. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг “АНУ-ын ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачлалын асуудалд хатуу бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор Visa Bond хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрт 38 улсыг оруулсан байсан бол сүүлд 12 улсыг нэмж 50 болгосон. Энэ дунд Монгол Улс бий. Энэ бол гэнэтийн шийдвэр байсан. Бид Элчин сайдын яамныхныг дуудаж уулзахад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Дээрх хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсантай холбоотойгоор АНУ-ын талд байр сууриа илэрхийлж байгаа. Бид шат дараатай арга хэмжээ авна. Манай улсаас аялал жуулчлалын визээр тус улсад очсон иргэдийг хугацаа хэтрүүлсэн зэрэг асуудлыг ярьж байгаа. 2017 онд АНУ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” гэдэг кампанит ажил хийж өрнүүлж байсан. Үүний дунд манай иргэдийн хууль бусаар үлдэх асуудал буурч байсан. Тиймээс бид америкийн талтай энэ ажлаа сэргээхээр ярилцаж байна. АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацааг сунгасан, сунгаагүй гэдэг асуудал яригдаад байгаа. Дипломат албаны бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Ажлын шаардлагаас энэ хугацааг сунгах асуудал байдаг. Заавал хэн нэгнийг буруутгах гэсэн хандлага ажиглагдаад байгаа. Ө.Батбаяр Элчин сайд өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд идэвхтэй, сайн ажилласан" гэлээ.

Share this post: