Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүнээр улиран сонгогдлоо
2026-03-12 - 06:48
Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны IX чуулган Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна. Чуулганаар МҮОХ-ны тэргүүнээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшсэн бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл Б.Баттүшигийг нийт гишүүдийн 96.7 хувь нь дэмжсэнээр МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Б.Баттүшиг нь 1986 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Тэрбээр 2015 оноос Монголын Бадминтоны холбооны тэргүүн, 2017 онд Олон Улсын Бадминтоны холбооны зөвлөлийн гишүүн, тэр жилээ МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ. МҮОХ-ны тэргүүн асан Д.Загдсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар албаа хүлээлгэн өгөхөд тэр түр орлогчоор ажиллаж байв. 2020 оноос Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүнээр сонгогдсон. Улмаар 2022 оны гуравдугаар сард нийт гишүүдийн 93 хувийн саналаар МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч болсон түүхтэй. МҮОХ-ны Ерөнхийлөгч нар ЭЛДЭВ-ОЧИРЫН ДАРЬСҮРЭН (1956 оны 2 сараас 8 сард, үүсгэн байгуулагч анхны ерөнхийлөгч) ЖАМЪЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН (1956-1959) ДОВЧИНГИЙН ЯДАМСҮРЭН (1959-1966) НАМЖИЛЫН НОРОЛХОО (1966-1975) ШАГДАРЖАВЫН МАГВАН (1975-1981) ГОМБЫН ДАМДИН (1981-1984) ДАВААГИЙН ДАШДОВДОН (1984-1988) ГАЛСАНГИЙН ДАШЗЭВЭГ (1988-1990) СОСОРБАРАМЫН БОЛД (1991) САМДАНДОРЖИЙН ЖАМЦ (1991-1996) ШАГДАРЫН ОТГОНБИЛЭГ (1996-2001) ДЭМЧИГЖАВЫН ЗАГДСҮРЭН (2001-2019) НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР (2020-2022) БАТБОЛДЫН БАТТҮШИГ (2022-одоог хүртэл)